Паркинсонтой тэмцэх дэлхийн өдөр
2024-04-11 16:41:03
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, дөрөвдүгээр сарын 11. Паркинсоны өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр. Энэ жил 28 дахь удаагаа зохиогдож байна. Яг өнөөгийн байдлаар дэлхий дахинд паркинсоны өвчтэй 4.5 сая хүн байна. Хүмүүсийн нийтлэг ойлголтоор бол паркинсоны өвчний гол шинж тэмдэг нь гар салганах байдаг. Бусад шинж тэмдгүүдийн талаар эмч тайлбарлаж, эрт эмчлүүлэхийн чухлыг зөвлөж байна. 

Сүүлийн үед ноён Гуань зүүн мөр нь хөшиж, нойргүйдэн, үе үе хий бодолд автдаг болсноор эмнэлэгт хандав. Түүнийг паркинсоноор өвдсөн гэж оношилжээ. 

Эмчийн тайлбарласнаар, паркинсоны нийтлэг шинж тэмдэг бол үйл хөдөлгөөн. Жишээ нь алхах, бичих, залгих, товч товчлох зэрэг энгийн үйлдэл хийхэд гараа захирч чадахгүй болно. Сууж байхад гар хөл, толгой салгалж, доод уруул нь чичирхийлнэ, сандарсан үед улам нэмэгддэг. Бие нь уян хатан байдлаа алдаж, хөшүүн болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

Паркинсоны шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэж, эмчлүүлэх хэрэгтэй.

Хятадын Нийслэлийн анагаахын их сургуулийн Шюань-Ү эмнэлгийн эмч Хү Юншэн хэлснээр, паркинсоны шинж тэмдэг хоёр төрөл байдаг. Хөдөлгөөнд мэдрэгдэх болон хөдөлгөөнд мэдрэгддэггүй гэж. Хөдөлгөөнд мэдрэгддэггүй шинж тэмдэг нь эхний үед үнэрлэх чадвар буурч, нойргүйдэх, өтгөн хатах, зан ааш хувирах, танин мэдэхүйн талаар өөрчлөлт ордог.  

Нойргүйдлийн тухайд хар дарж зүүдлэн, зүүдээрээ хашхирах, нударч өшиглөх үйлдэл үзүүлнэ. Зарим нь бусадтай ярьж суугаад гэнэт дугхийж, 10-20 минут болоод сэрэх нь бий. Шөнөдөө гүн нойрсож чадахгүй, өглөө эрт сэрэхийн дээр заримынх нь хөл унтаж байхдаа хөшиж, алхаж гишгэвэл дээрддэг.

Сүүлийн үеийн баримтаас харвал, Хятадад 60-аас дээш насныхны 1.37 хувь паркинсоноор өвчилсөн байна. Өвчний эхэн үед булчингийн сулрал, хэвийн хөгшрөлт гэж хүмүүс буруу ойлгож, анхаардаггүй байна. 

Паркинсон ихэвчлэн нэг талаасаа эхэлж, улмаар хүндэрч, хоёр талдаа нөлөөлдөг. Хэвийн хөгшрөлтөөс болсон биш, үндсэн шалтгаан нь тархины допамин ялгарлын дутагдлаас болдог. Ингэсээр хөдлөх, явахдаа хөшүүн, сэтгэлийн хямралтай болж, бусадтай харилцах сонирхолгүй болдог гэж эмч Хү Юншэн тайлбарлав. Одоохондоо бүрэн эмчлэх арга олдоогүй байгаа ч тогтмол эм уулгаж шинж тэмдгийг хөнгөрүүлж болдог. Аминчлан захихад паркинсоныг хэрэгсэхгүй орхиж болохгүй, сайн ажиглаж, шинж тэмдэг байгаа бол эрт илрүүлж эмчлүүлэх хэрэгтэй.