Хятадын ГХЯ-ны 11-ний өдрийн хэвлэлийн бага хурлын мэдээ
2024-04-11 19:29:35
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны дөрөвдүгээр сарын 11-ний ээлжит хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Мао Нин даргалан хуралдуулжээ.

Палестин улс НҮБ-ын албан ёсны гишүүн орон болохыг Хятад улс дэмжинэ 

Эх сурвалжийн дагуу, Палестин саяхан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд албан ёсоор хүсэлт гаргаж, 2011 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх өргөдлийг эргэн харахыг хүссэн байна. 8-ны өдөр Аюулгүйн зөвлөл хуралдаж, энэхүү өргөдлийг шинэ гишүүн орнуудыг элсүүлэх хороонд хянан хэлэлцүүлэхээр хүргүүлэв. Үүнтэй холбогдуулан Израилтай илүү өргөн хүрээтэй хэлэлцээр хийхгүй бол Палестиныг НҮБ-д албан ёсоор элсүүлэхийг эсэргүүцсээр байх болно гэж АНУ мэдэгдэв.

Үүнд холбогдуулж Мао Нин хэлэхдээ, Палестин Израилын энэ удаагийн мөргөлдөөн даамжирч, хүмүүнлэгийн маш ноцтой хямрал үүсгээд байгаа нь олон улсын хамтын нийгэмлэг зөвхөн "Хоёр орны төсөл"-ийг бүх талаар хэрэгжүүлж, тусгаар тогтносон Палестин улсыг байгуулж байж л Палестины ард түмний удаан хугацаанд амсаж ирсэн голч бус байдлыг засаж залруулж, мөргөлдөөнөөс бүрмөсөн ангижрах боломжтой юм. Тиймд Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн орноор элсүүлэхийг Хятадын тал дэмжиж байгаа бөгөөд Аюулгүйн зөвлөл даруй арга хэмжээ авч ажиллахыг хүсэж байна гэв.

Америк экспортын хяналтын арга хэмжээг дур зоригоор хэрэглэхийг эсэргүүцнэ

АНУ Хятадын олон компанийг экспортын "хар жагсаалтад" оруулсанд холбогдуулж Мао Нин хэлэхдээ, АНУ Хятадын компаниудыг дарангуйлах зорилгоор "Аж ахуйн нэгжийн жагсаалт" зэрэг экспортын хяналтын арга хэрэгслийг урвуулан ашиглаж байгааг бид эсэргүүцэж байна. АНУ эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн асуудлыг улстөржүүлэхээ болих хэрэгтэй. Хятад улс шаардлагатай арга хэмжээ авч, өөрийн орны аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно гэжээ.

Хятад Оросын хамтын ажиллагааны тухайд Мао Нин хэлэхдээ, сүүлийн өдрүүд энэ тухай би олон удаа Хятад улсын байр суурийг тодорхойлсон. Хятад Орос эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагаа өрнүүлэх эрхтэй бөгөөд энэ нь хэн нэгний саад хязгаарлалтад учрах ёсгүй, Америкийн тал ганц талаасаа хориг тавихыг бид эсэргүүцнэ гэв.

Хилийн зааг шугамын асуудлаар Хятад Энэтхэг нягт зөвшилцөж байна

Хятад, Энэтхэгийн харилцаанд холбогдуулж Мао Нин хэлэхдээ, Хятад Энэтхэгийн харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх нь хоёр талын нийтлэг ашиг сонирхолд нийцэх төдийгүй, бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, хөгжилд ашигтай юм. Хилийн зааг шугамын асуудал нь хоёр орны харилцааны бүхэл бүтэн агуулга биш болохоор бид санал зөрөлдөөнөө сайтар хянах ёстой. Өдгөө Хятад Энэтхэг дипломат болон армийн харилцааны шугамаар хилийн зааг шугамын асуудлаар нягт зөвшилцөж, нааштай ахиц гаргаж байна гэжээ.

БНХАУ, БНСУ харилцаагаа эрүүл тогтвортой хөгжүүлэх нь хэн алиндаа ашигтай

БНСУ-ын парламентын сонгуулийн тухайд Мао Нин хэлэхдээ, парламентын сонгууль бол БНСУ-ын дотоод засаглал, дотоод үйл хэрэг болохоор энэ тухай бид ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй. БНХАУ, БНСУ чухал хөрш, хамтын ажиллагааны түнш болохоор харилцаагаа эрүүл тогтвортой хөгжүүлэх нь хоёр талын нийтлэг ашиг сонирхолд нийцнэ гэжээ.

Хятад улс Япон, Өмнөд Солонгосын талтай хамтран ажиллахыг чухалчилдаг

Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орон удирдагчийн дээд уулзалт хийнэ гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Мао Нин хэлэхдээ, Хятад улс гурван орны хамтын ажиллагааг маш чухалчлан үзэж байна, гурван орны төрийн тэргүүн нарын уулзалтад гурван тал ашигтай нөхцөл бүрдүүлж өгөхийг найдаж байна. Мөн төрийн тэргүүн нарын уулзалтын бэлтгэл ажлын талаар Өмнөд Солонгос, Японы талтай үргэлжлүүлэн зөвшилцөхөд Хятадын тал бэлэн байна гэжээ.