Хятадын ГХЯ-ны 12-ний өдрийн хэвлэлийн бага хурлын мэдээ
2024-04-12 17:27:39
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны дөрөвдүгээр сарын 12-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Мао Нин сэтгүүлчдийн асуултад хариулав.

Бүрэн эрх, нутаг дэвсгэрээ хамгаалах Хятадын шийдвэр зориг өөрчлөгдөхгүй

Япон, Филиппинтэй тэнгист хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэсэн Америкийн ерөнхийлөгч Жо Байдены үгийн хариуд Мао Нин хэлэхдээ, Америкийн талын үг яриа бодит үнэнээс хальж, Хятад улсыг санаатайгаар дайрч давшиж байна. Нэгд, Дяо Юй Дао арал, Рэнь-ай олтиргийг оролцуулсан өмнөд тэнгисийн олон арал, түүний ойролцоох усан хилд Хятад улс маргашгүй бүрэн эрхтэй. Олон улсын хууль дүрмийн дагуу Хятад улс дорнод тэнгис, өмнөд тэнгист үйл ажиллагаа явуулах нь хууль ёсонд нийцсэн хэвийн ажиллагаа, үүнд хэн нэгэн хошуу дүрэх ёсгүй. Хоёрт, өмнөд тэнгис дэх хөлөг онгоц болон агаарын нислэгийн орон зайн тухайд ерөөс ямар нэгэн асуудал дагуулж байгаагүй. Гэвч зарим орон өмнөд тэнгист дээрэнгүй үзэл гаргаж, цэргийн хүчээ харуулахыг оролдож, аяллын эрх чөлөөг урвуулан ашиглаж, Хятад улсын бүрэн эрх, хөгжлийн эрх ашгийг хохироохыг бид тэвчихгүй. Гуравт, "Өмнөд тэнгисийн тухай арбитрын хэрэг"-ийн шийдвэр гэгч нь хууль бус бөгөөд хүчингүй. Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, Өмнөд тэнгис дэх тэнгисийн эрх ашиг ямар ч тохиолдолд энэ шийдвэрт нөлөөлөхгүй. Дөрөвт, зарим улс орнууд өөрсдийн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн бүс нутгийн гаднах хүчинтэй нийлж, "Хятадыг боомилох"-ын төлөө бусдын гар хөл болж байна. Галаар наадахгүй байхыг бид анхааруулж байна. Тавд, АНУ хүйтэн дайны сэтгэлгээ баримталж, эвсэл холбоотны гэрээгээр бусад улс орнуудыг байнга заналхийлж, НҮБ-ын дүрмийг ноцтой зөрчиж, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна.

Нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгис далайн эрх ашгаа хамгаалах Хятад улсын шийдвэр зориг хэзээ ч өөрчлөгдөж хэлбэлзэхгүй бөгөөд бүс нутгийн орнуудтай хамтран өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хамгаалах болно гэжээ.

Хөгжиж буй орнуудын өрийн асуудалд Хятад улс анхааралтай хандаж байна

Америкийн худалдааны төлөөлөгч "хөгжиж буй орнуудын өрийн асуудал" гэгчийг сөхжээ. Мао Нин үүнтэй холбогдуулж хэлэхдээ, хөгжиж буй орнуудын өрийн асуудалд Хятад улс ихээхэн анхаарч байгаа. Төв голч шударга яриа хэлцэл хийж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх зарчмаар хөгжиж буй орнуудын өрийн дарамтыг бууруулж, тогтвортой хөгжилд нь туслахыг хичээж байна гэв.

Эрүүл тогтвортой Хятад Энэтхэгийн харилцаа хоёр талд ашигтай

"Хятад Энэтхэгийн хилийн зааг шугам"-ын асуудлаар Энэтхэгийн ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбогдуулж Мао Нин хэлэхдээ, хилийн зааг шугамын асуудлаар хоёр тал дипломат харилцаа, цэрэг армийн хамтын ажиллагааны зам шугамаар идэвхтэй зөвшилцөж байгаа бөгөөд нааштай ахиц гарч байна. Эрүүл тогтвортой Хятад Энэтхэгийн харилцаа нь хоёр талын нийтлэг ашиг сонирхолд нийцнэ гэдэгт Хятадын тал санал нэгтэй байна гэжээ.

Германы канцлер Хятадад айлчилна

ХБНГУ-ын канцлер Олаф Шольц удахгүй БНХАУ-д айлчлах гэж буйтай холбогдуулж Мао Нин хэлэхдээ, Хятад улсад айлчлах Герман канцлер Олаф Шольцийг Хятад улсын дарга Ши Жиньпин хүлээн авч уулзана. Мөн ерөнхий сайд Ли Чян хэлэлцээ хийж, хоёр талт харилцаа, хамтаар анхаарч буй асуудлуудаар санал солилцоно. Хятад, Герман дипломат харилцаа тогтоосон зууны талаас илүү жилийн турш дээд түвшний хэлхээ холбоо идэвхтэй үргэлжилж, ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрч ирсэн юм. Энэ жил Хятад Герман стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон 10 жил болж байна. Германы талтай ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцан хүндэтгэж, шударга голч харьцаж, ялгаа зөрүүгээ хойш тавьж, хоёр талт харилцааг улам их хөгжилд хүргэж, улмаар дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хамтдаа улам их үүрэг гүйцэтгэхэд Хятадын тал бэлэн гэжээ.

Хятад улс Африкийн тогтвортой хөгжлийг тууштай дэмжсээр байх болно

Америкийн Бостон хотын хөгжил, бүтээн байгуулалтын төв саяхан судалгааны тайлан нийтэлжээ. Тайланд, сүүлийн 20 жилд Хятад улс Африкийн эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтаа нефтийн хийн түлшний салбарт төвлөрүүлсэн. Харин сэргээгдэх эрчим хүчний салбарт хийсэн хөрөнгө оруулалт харьцангуй бага байсан. Хятад улс энэ байдлаа өөрчилж залруулах, эсвэл Африкийн ногоон эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой гэжээ.

Мао Нин хэлэхдээ, бусад орнууд Африкийн эрчим хүчний салбарын шинэчлэл, Африкийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж буй тухай тайлангаа нийтэл. Түүнийгээ Хятадын хөрөнгө оруулалттай харьцуул. Би үүнийг бид хүсэж байна. Хятад улс Африкийн тогтвортой хөгжлийг тууштай дэмжигч байж ирсэн, ногоон хөгжил бол Хятад Африкийн хамтын ажиллагааны чухал талбар. Мөн "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулахын чухал агуулга болж байна. Үнэн хэрэгтээ Хятад улс Африкт цэвэр эрчим хүч, ногоон хөгжлийн хэдэн зуун төсөл хэрэгжүүлээд байгаа гэжээ.

Африкийн орнуудад хүнсний яаралтай тусламж үзүүлнэ

Сүүлийн үед Эль-Нино үзэгдлийн улмаас Африкийн өмнөд хэсгийн олон улс ган гачигт нэрвэгдэж, Зимбабве, Малави, Замби улсууд онц байдал буюу гамшгийн байдал зарлаж, олон улсын байгууллагад хандан хүнсний яаралтай тусламж үзүүлэхийг уриалжээ.

Энэ тухай Мао Нин хэлэхдээ, сүүлийн үе Африкийн өмнөд орнуудад болсон ган гачиг, хүнсний хомсдолд Хятад улс ихээхэн анхаарал хандуулж, Зимбабве, Малави, Замби зэрэг Африкийн 20 гаруй оронд хүнсний яаралтай тусламж үзүүлэхийн тулд бэлдэж байна. Цаашид бид холбогдох улс орнуудын нөхцөл байдал, эрэлт шаардлагад тулгуурлан боломжийн хирээр хүнсний тусламжийг нэмэгдүүлнэ гэжээ.