Ши Жиньпин Чандрикаперсад Сантохитой хэлэлцээ хийв
2024-04-12 17:44:43
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 12-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй Суринамын Ерөнхийлөгч Чандрикаперсад Сантохитой хэлэлцээ хийжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Суринам хоёр орон урт хугацааны турш найрсаг харилцаа хөгжүүлж ирсэн. Суринам нь БНХАУ-тай дипломат харилцаа, стратегийн түншийн харилцаа тогтоосон анхны орнуудын нэг бөгөөд Хятад улстай “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан Карибын тэнгисийн орнуудын нэг юм. Хоёр орон харилцан хүндэтгэх, эрх тэгшээр харилцсаар ирсэн нь өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм. Хятад улс Суринамын хамт улс төрийн итгэлцлээ улам бэхжүүлж, худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа тэлэхэд бэлэн байна. Мөн олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, Хятад Суринамын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг улам нягтруулж, улмаар хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, Суринам Хятадын талаар найрсаг бодлого баримталж, язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлаар Хятад улсыг тууштай дэмжиж ирснийг Хятад улс талархалтай хандаж байна. Хятад улс ч Суринамын үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнолоо хамгаалах, улс орныхоо нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замаа бие даан сонгохыг тууштай дэмжинэ. Хятад улс үргэлжлүүлэн Суринамын талтай найрсгаар харилцаж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, олон салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Суринамын чанар сайтай онцлог бүтээгдэхүүн Хятадын зах зээлд нэвтрэхийг дэмжинэ. Суринамын талтай “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо нэмэгдүүлэн, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалт, дижитал эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Чандрикаперсад Сантохи хэлэхдээ, Суринам, Хятад олон жилийн турш найрсаг харилцааг хөгжүүлж ирсэн. Хятадын цагаачид Суринамын бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулсан юм. Суринам Хятад дипломат харилцаа тогтоосон 48 жилийн турш, Суринамын тал “нэг Хятадын” зарчмыг тууштай баримталж, Хятад улс үндэсний нэгдлээ биелүүлэх үйлсийг тууштай дэмжсээр ирсэн. Суринам цар тахалтай тэмцэх, эдийн засаг, нийгмийн хөгжлөө ахиулахад Хятад улс нандин дэмжлэг үзүүлсэн. Хоёр орны хөдөө аж ахуй, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагаа нааштай үр дүнтэй хүрч байна. Энэ бүхэн нь хоёр орны улс төрийн итгэлцэл улам бэхжиж, гүн зузаан ахан дүүсийн найрамдалт харилцааг хөгжүүлсээр байгааг илэрхийлж байна. Суринамын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд Хятад улс ихээхэн хувь нэмэр оруулсан нь өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон гэжээ.

Хэлэлцээний дараа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, ногоон хөгжил, дижитал эдийн засаг, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд хоёр орны төрийн тэргүүн нар оролцжээ.