Өмнөд тэнгист замбараагүй байдал бий болгосоор байна
2024-04-13 17:48:09
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Вашингтонд Америк, Япон, Филиппин гурван орны удирдагчид анх удаа гурван талт дээд хэмжээний уулзалт хийлээ. Уулзалтын дараа гурван тал хамтарсан мэдэгдэл гаргаж, "Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт"-д тус дөхөм үзүүлэхийн тулд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэгчээ мэдэгджээ. Түүнчлэн Хятад улсыг "зэвсгийн хүчээр ганц талаас өнөөгийн байдлыг өөрчилж байна" гэж гүтгээд, Хятадын Өмнөд тэнгис, зүүн тэнгис зэрэг бүс нутагт үндэсний бүрэн эрхт байдлаа хамгаалах үйл ажиллагаанд “ анхаарал хандуулж байна" гэж илэрхийлжээ. 

Иймэрхүү байдал даанч энгийн болсон. Сүүлийн хэдэн жилд АНУ холбоотнуудтайгаа хамтран Хятадын эсрэг “жижиг тойрог” байгуулахын тулд цөөн бус ажил хийсэн. Тухайлбал, 2017 онд АНУ “Америк, Япон, Энэтхэг, Австралийн аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”, 2021 онд АНУ, Их Британи, Австралийн “Аюулгүй байдлын гурван талт түншлэл” байгуулсан. Эдгээр байгууллагуудын мөн чанар нь хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээр эвсэл бүлгийн улс төр явуулж, АНУ-ын дэлхий дээрх ноёрхлаа хамгаалахын төлөө юм.

Энэ удаад шинэ “жижиг тойрог” байгуулахын тулд АНУ мөн олон арга мэх зарцуулсан. Тухайлбал, аюулгүй байдлын хамтын ажиллагааны хувьд, Америк, Япон хоёр орон Филиппиний далайн эргийн хамгаалалтын чадавхыг бэхжүүлэхэд үргэлжлэн дэмжлэг үзүүлэх. Америк, Япон, Филиппин гурван талт тэнгисийн яриа хэлэлцээний механизм байгуулснаа зарласан. Гурван улсын үндэсний батлан хамгаалах, тэнгисийн хууль сахиулах хүчин 2025 он гэхэд Японы усан хилийн ойролцоо хамтарсан сургуулилт хийх зэргээр гурван талт мэдэгдэлд олон зохицуулалт хийсэн байна. Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, хэрэв Өмнөд тэнгист Филиппиний нисэх онгоц, хөлөг онгоц, зэвсэгт хүчин халдлагад өртөх тохиолдолд “Америк-Филиппиний хамтарсан батлан хамгаалалтын гэрээ”-г ашиглах боломжтой гэдгээ АНУ гурван талт хэлэлцээний үеэр Филиппинд дахин нотолсон байна.

АНУ Филиппинд дэмжлэг үзүүлж байгаа нь Өмнөд тэнгист замбараагүй байдал үүсгэх гэсэн оролдлогыг харуулж байна. Хэрэв Зүүн Азийн бүс нутаг хөгжлөө хадгалсаар байвал АНУ-ын ноёрхол хэр оновчтой эсэх нь эргэлзээтэй болно. Иймээс Өмнөд тэнгисийн асуудал нь АНУ-ыг Ази Номхон далайн бүс нутгийн хэрэгт хөндлөнгөөс оролцох шалтаг болсон. Филиппиний Ерөнхийлөгч асан Дутерте саяхан өгсөн ярилцлагадаа, "Өмнөд тэнгис өмнө нь тайван байсан, Америкчууд ирсний дараа маргаанаар дүүрэн болсон" гэж онцолсон байна.

АНУ, Япон, Филиппиний гурван талт дээд хэмжээний уулзалт болохын өмнө Цагаан ордны гадаа олон жагсагчид цугларчээ. Тэд "Филиппиний ерөнхийлөгч Маркосыг АНУ-д айлчлахыг зөвшөөрөхгүй", "Филиппинийг битгий худалд" зэрэг уриа лоозон барьж, гурван талт уулзалтын мөн чанар нь АНУ, Филиппинг ашиглан Ази, Номхон далайн бүс нутагт Хятадтай сөргөлдөхийг зэхэж буй хэрэг гэж зэмлээд Филиппин улс бүрэн эрхт байдлаа хамгаалахыг уриалав. Филиппиний "Азийн зуун" Стратегийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал Ана Маринберг-Үй хэлэхдээ, Америк, Япон хоёр орон Өмнөд тэнгисийн асуудлаарх тухайн орон биш учраас хөндлөнгөөс оролцох ёсгүй. Америк, Япон, Филиппиний гурван талт уулзалт, түүний хүйтэн дайны үеийн үзэл баримтлал нь хамтын ажиллагаа гэхээсээ илүүтэй сөргөлдөөнийг улам эрчимжүүлж, Өмнөд тэнгисийн байдлыг улам хурцдуулж байна гэж онцолжээ. 

Өмнөд тэнгисийн арлууд бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг бөгөөд Хятадын Өмнөд тэнгис дэх нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашиг нь хангалттай түүх, эрх зүйн үндэслэлтэй юм. Эдгээр жилүүдэд Хятад улс Филиппинтэй идэвхтэй судалгаа хийж, бие биеэ хохироохгүй зарчимт байр суурийн дагуу арал олтригоо үр дүнтэй зохицуулсаар ирсэн. Хоёр талын харилцан ойлголцлын үр дүнд сүүлийн хэдэн жилд Рэнь Ай олтригийн байдал тогтвортой байдлаа хадгалсаар байна. Гэсэн хэдий ч Филиппиний шинэ засгийн газар засгийн эрхэнд гарснаас хойш хоёр талын тохиролцсон ойлголтыг баримтлахаас татгалзаж, Өмнөд тэнгист дахин замбараагүй байдал үүсгэж эхэлсэн. Хятад улс өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашгаа хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээ бүхнийг авах болно.

Хятад улс нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлын маргааныг энхийн хэлэлцээрний замаар шийдвэрлэхийг дэмжиж ирсэн. Гэхдээ улс орнуудын үндэслэлгүй шуугиан дэгдээхийг хүлээн зөвшөөрөхгүй. АСЕАН-ы орнууд бүхэлдээ Хятадтай харилцаагаа бэхжүүлж байгаа нөхцөлд Америк, Япон, Филиппин зэрэг "жижиг тойрог" урсгалын эсрэг сэлэх нь бүс нутагт "аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт" авчрах биш харин сөргөлдөөн, заналхийлэл дагуулж буй хэрэг юм.