“Андын номын сан” цуврал- Мао Дүний шагналт зохиол “Мөнхийн харууслын дуу”
2024-04-14 11:04:54
Share
Share this with Close
youtube WeChat

Зохиолч эмэгтэй Ван Ань-И Жянсү мужид 1954 онд төржээ. Фүданий их сургуулийн профессор хүн юм. Өөрт нь их нэр алдар авчирсан "Мөнхийн харууслын дуу” романаа 1996 онд хэвлүүлж, эл зохиол 2000 онд тав дахь удаагийн Мао Дүний утга зохиолын шагнал хүртсэн байна.

Залуу нас, гоо үзэсгэлэнгээ гайхуулж, алдаж онож явсан Ван Чи-Яо бүсгүйн анхил залуу насны гэрэл сүүдэртэй амьдралын тухай өгүүлнэ. XX зууны 40-өөд оны үед “Шанхайн мисс” гэгдэж асан Ван Чи-Яо бүсгүйн хайр дурлал, урвалт, салалт, хөнгөмсөг амьдралын эрэлхийлэл, галзуу бадрангуй романтик хайр, мөнгө хөрөнгө, түүнийг дагасан хар сүүдэр, эцэст нь мөнгөний золиосонд амиа алдсан гунигт тавиланг хүүрнэнэ. Цаг үе ямар байх, журам ёс ямар байх нь Ван Чи-Яо бүсгүйд огт хүртээлгүй байв. Тэр цагийн урсгалыг сөрж, уруудаж хорволог туулахдаа хэд хэдэн залуустай янаг амрагийн ээдрээтэй харилцаа үүсгэн бужигнуулж явсаар, тавин нас хүрэх үедээ охиныхоо үеийн залууд дурлана. Насаараа өөрийн дураар цалгилж амьдарсан Ван бүсгүй харамсалтай нь мөнгөний золиосонд нэгэн залууд хорлогдож өөд болно. Тэр залуу бол охиных нь найзын дурлалт залуу байж таарна. Харамсалтай...

Ороо бусгаа цагийн өнгийг нэгэн бүсгүйн амьдрал, гунигт төгсгөлөөр бүрэн нээж, өнгөрсөн зууны дунд үеийн амьдралын түүхийг өгүүлсэн байдаг.  Зохиолыг хүүрнэлийн аргаар бичсэн бөгөөд, үе үе ёжлол, хошигнол, ёгтлолын гашуун амт амтагдаж, үүгээрээ дамжуулж хүн мөс, амьдралын утга учир, үнэ гоо сайхан, хүний үнэн цэнийн тухай гүн тунгаасан байдаг.

Ван Ань-И зохиолчийн олон бүтээл англи, франц, голланд, герман, япон, чех, солонгос зэрэг хэлээр орчуулагджээ.