Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын мэдээ
2024-05-29 18:02:40
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин тавдугаар сарын 29-нд хэвлэлийн бага хурлыг хийлгэж сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Хятад, Араб бол харилцан итгэлцсэн стратегийн түнш юм

Сэтгүүлч: Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форум зохион байгуулагдсан сүүлийн 20 жилд хоёр талын харилцаа эрчтэй хөгжсөн. Харин Америк Арабын ертөнцөд хамгийн нэр муутай улс болжээ. Хятад улс чухам Арабын ертөнцөд ямар боломж олгосон бэ? Америк юу өгсөн бэ?

Мао Нин: Хятад, Араб уламжлалт найрсаг харилцаатай, харилцан итгэлцсэн стратегийн түнш юм. 2022 онд болсон Хятад-Арабын анхны чуулга уулзалт дээр хоёр талаараа шинэ цаг эриний Хятад-Арабын хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахаар тохиролцсон. Ингэснээр хоёр талт харилцаа бүх талаар гүнзгийрэн хөгжих шинэ цаг эринд шилжсэн юм. Хоёр талын хүчин чармайлтаар хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах үйлс нааштай ахиц дэвшил гаргаж, стратегийн харилцан итгэлцэл улам бэхжилээ. Хятад улс Арабын 14 орон, мөн Арабын Холбоотой стратегийн иж бүрэн түншлэл болон стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Хятад улс Саудын Араб, Ираны хооронд эвлэрүүлэн эедүүлэх түүхэн зуучлал хийж, Сирийг Арабын Холбоонд эргэж нэгдэхийг дэмжсэн. Арабын орнууд стратегийн бие даасан байдлаа нэмэгдүүлэх, эв санаагаа нэгтэн хамтдаа хөгжихөд Хятад улс тусалж ирсэн юм. Түүнчлэн Хятад улс Арабын 22 орон, мөн Арабын Холбоотой "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах бичиг баримтад гарын үсэг зурж, Арабын 17 орон АДБХОБ-ны гишүүн орон болсон байна. "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах хүрээнд Хятад, Араб хамтран 200 гаруй төсөл хэрэгжүүлж, Хятад улс олон жил дараалан Арабын орнуудын худалдааны хамгийн том түнш болж байна.

Хятад, Арабын харилцааны хөгжил нь хоёр талын иргэдэд ач тусаа өгч, ойрх дорнодын бүс нутгийн энх тайван, хөгжилд дэм болж, ээдрээ будилаантай дэлхий ертөнцийг тогтвортой хүчин зүйлээр цэнэглэсэн юм. Ирээдүйд Арабын орнуудтай улам сайн хамтран ажиллаж, Хятад-Арабын хамтын ажиллагааны форумын шинэ хуудсыг сөхөхөд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Гадаад хэргийн дэд сайд АНУ-д айлчилна 

Сэтгүүлч: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен саяхан Хятадад айлчлах үед Хятад, Америк хоёр тал бүх түвшинд солилцоо, хэлхээ холбоогоо хадгалах тухай таван зүйлт нийтлэг ойлголтод хүрсэн юм. Сүүлийн үед Хятад, Америкийн хооронд бүх түвшинд өндөр түвшний харилцан айлчлал хийгдэх үү?

Мао Нин: Америкийн талын урилгаар Хятадын ГХЯ-ны дэд сайд Мао Жаошүй тавдугаар сарын 30-аас зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд тус оронд айлчилж, Америкийн төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Майкл Кэмпбеллтэй хэлэлцээ хийж, тус орны олон салбарын зүтгэлтнүүдтэй уулзана.

Даруй гал зогсоож, энгийн иргэд дайны хөлд дайрагдахаас зайлсхийх ёстой

Израилын арми Газын бүсийн өмнөд хэсгийн Рафах бүс руу тасралтгүй дайралт явуулсаар байгаатай холбогдуулан Мао Нин хэлэхдээ, Израилын цэргийн ажиллагаанд Хятад улс анхааралтай хандаж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолойг сонсож, дайралтаа даруй зогсоохыг Израилд уриалж байна. Палестин, Израилын мөргөлдөөн хэт удаан даамжирч байгаа нь Газын зурваст хүмүүнлэгийн маш хүнд нөхцөл үүсгэсэн тул даруй гал зогсоож, олон энгийн иргэд дайны хөлд өртөхөөс сэргийлэхийг Хятад улс уриалж байна гэжээ.

Иргэний хөлөг онгоцыг дарамтлахыг эсэргүүцнэ

Улаан тэнгисийн нөхцөл байдлын талаар Мао Нин хэлэхдээ, Хятад улс иргэний хөлөг онгоцыг дарамтлахыг эсэргүүцэж, олон улсын усан замын тогтвортой, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахыг хүсэж байна.

Одоогийн нөхцөл байдал нь олон улсын усан тээвэрт үнэхээр сөргөөр нөлөөлж, энэ нь Газын зурвасын мөргөлдөөний үр дагавар юм. Тиймээс бид Газын зурвас дахь нөхцөл байдлыг хянаж, ойрх дорнодод бүхэлд нь энх тайван тогтоох нь хамгийн тулгам ажил үүрэг болоод байна гэжээ.