Америк маягийн ардчилал лоозон төдий болжээ 
2024-05-30 08:35:50
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Ратгерсийн их сургуулийн Эрүүл мэндийн судалгааны төвөөс гаргасан тоо баримтаас харвал, Африк гаралтай америкчуудын 60 орчим хувь галт зэвсгийн халдлагад өртдөг. Тэдгээрийн олонх нь Америкийн орлого багатай хороололд амьдардаг байна. Энэхүү судалгааны үр дүн Африк гаралтай америкчууд хохирогч хэвээр байгааг бүрэн харуулж байна гэж судлаачид дүгнэжээ. 

Яг үнэндээ дээрх тоо баримт нь Америк дахь хүний эрхийн зөрчлийн асуудлын хэсэгхэн үзэгдэл төдий юм. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гүн шингэж, баян ядуугийн зөрөө улам холдож, нам хоорондын тэмцэл ужгирч, цагаачдыг ноцтой ялгаварлан гадуурхсан хэвээр байгаа юм.

Хятадын засгийн газар энэ сарын 29-нд "Америкийн хүний эрхийн зөрчлийн тухай 2023 оны тайлан" нийтэлж, их хэмжээний тоо баримт, бодит жишээгээр Америкийн хүний эрхийн зөрчлийн байдлыг дэлхий нийтэд илчилсэн юм.

Галт зэвсгийн гэмт хэргийг жишээ болгон авч үзье. “Бууны хүчирхийллийн архив” сайтын статистик бүртгэлээр, 2023 онд Америкт дор хаяж 654 удаа галт зэвсгийн гэмт хэрэг гарсан бөгөөд үүний улмаас 43 мянган хүний аминд хүрсэн нь өдөрт дунджаар 117 хүн нас барсан гэсэн үг юм.

Америкийн улс төрчид мөнгө, улс төрийн ашиг сонирхлоо тэргүүнд тавьдаг учраас буу зэвсгийн хяналтын асуудлаар нийтлэг ойлголтод хүрч чаддаггүй. Ийм нөхцөл байдлаас болж эцэстээ эгэл иргэд амь насаа алдсаар л байгаа юм.

Баян ядуугийн ялгаа 1929 оны Америкийн эдийн засгийн хямралаас хойших хамгийн хүнд нөхцөлд хүрээд байна. 2023 оны 3-р улиралд Америкийн нийт баялгийн 66.6 хувийг өндөр орлоготой 10 хувь эзэмшиж байна. Хамгийн бага орлоготой нийт хүн амын 50 хувь баялгийн дөнгөж 2.6 хувийг эзэмшдэг. Харьцуулж үзвэл тэнгэр газар шиг ялгаа харагдана. Өнгөрсөн онд Америкт 21-р зуунаас хойших хамгийн өргөн салбар хамарсан ажил хаялт давлагаалж, кино урлаг, үйлдвэрлэл, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн салбарт том хэмжээний ажил хаялт болсон.

Санал асуулгын дүнгээс харвал, 2023 оны туршид Америкийн ард иргэдийн 76-81 хувь нь улс орныхоо хөгжилд сэтгэл дундуур байсан бол 76 хувь нь улс орноо буруу замаар хөгжиж байна гэж үзжээ.

Америкийн иргэдийн улс орондоо итгэл алдаж байгаад дүн шинжилгээ хийвэл, удаан хугацаанд үргэлжилсэн мөнгөний бодлого, нам хоорондын тэмцэлтэй холбоотой гарчээ. Өнөө гэхэд Америк маягийн ардчиллын бодит агуулга хий хоосон лоозон төдий, ашиг сонирхлын зэвсэг болж хувирчээ. Жишээлбэл, 2023 онд Америкийн Кентакки мужийн захирагчийн сонгуульд оролцох хоёр намаас нэр дэвшигчид зөвхөн кампанит ажлын сурталчилгаанд 91 сая ам.доллар зарцуулжээ. Энэ нь 2019 оны мужийн захирагчийн сонгуулийн зардлаас гурав дахин их болжээ. 

Үүнээс гадна, Америкийн өдөр ирэх тусам хүндэрч буй улс төрийн туйлшрал нь нийгэмд гүн хагарал үүсгэж, улс орондоо итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байна. 2023 оны онцлох үйл явдал бол Конгрессын Төлөөлөгчдийн танхим 15 удаа санал хураалт явуулж шинэ спикерээ сонгосон явдал юм. Удалгүй шинэ оны санхүүгийн төсвийн зардал зэрэг асуудлаар нийтлэг ойлголтод хүрч чадаагүйн улмаас Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга түүхэндээ анх удаа огцорч байв. Ингээд Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хуралдаан гацаанд орж байсан юм. Их Британийн "Экономист" сэтгүүлд, Америкийн улс төрийн намууд хоорондоо тулалдаад завгүй учраас Конгресс нь 2023 онд цөөхөн хууль баталжээ. Энэ нь Америкийн иргэний дайнаас хойших хамгийн муу үр дүнтэй ажилласан Конгресс юм гэсэн шүүмжлэлт өгүүлэл гарч байжээ.