Андын номын сан цуврал- Зохиолч Жан Же “Хүнд жигүүр” роман
2024-05-31 11:49:36
Share
Share this with Close
youtube WeChat

"Хүнд жигүүр” романаа зохиолч эмэгтэй Жан Же 1981 онд хэвлүүлсэн байна. Эл бүтээлээрээ 1985 Мао Дүн-ий нэрэмжит шагнал хүртжээ.

Уг роман бол Хятадын шинэ үеийн үйлдвэржилтийн түүх, шинэ хуучин бодлогын зөрчил, шинэ хуучин бодлого баримтлагчдын тэмцэлдээн хэрхэн өрнөж, шинэчлэгчид хэрхэн ялж, ард иргэд, олон нийт тэрхүү шинэчлэлийн үр шимийг хүртсэн тухай юм. Аливаа өөрчлөлт, хөгжил дардан замаар явсан түүх үгүй. Ялангуяа Хятадын шинэ цаг үеийн аж үйлдвэржилтийн түүх, хүмүүсийн сэтгэлгээг өөрчилсөн түүх бол үнэхээр ярвигтай зангилаа асуудал байсан юм. Шинэ хэлбэрийн аж үйлдвэржилт, шинэ хотжилт, хөдөө аж ахуйн шинэчлэлт, мэдээлэлжүүлэлт, нөөцийн хэмнэлтэй бодлого, байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн шинэчлэлтийн түүх. Тийм ч учраас 2018 онд Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн 40 жилийн түүхэнд хамгийн хүчтэй нөлөөлсөн зохиол гэж нэрлэгдсэн байдаг. Шинэчлэлт маш их хүндрэл бэрхшээлтэй тулгарч байв. Зохиолын гол баатрын нэг хүнд аж үйлдвэрийн яамны дэд сайд Жэн Зы-Юнь удирдах чадвартай, ажлаа арван хуруу шигээ мэддэг, шинэчлэгч сэхээтэн. Чадалтай боловсон хүчнийг үнэлж чаддаг, хүмүүсийг яаж ажиллуулах аргаа мэддэг. Хамгийн гол нь олон жил өлгийдүүлсэн хуучин хальсан дотроос гарч сэтгэж чаддаг. Гадаадын компанийн амжилттай туршлага, шинжлэх ухааны үндэслэлтэй менежментийг нутагшуулж, хуучирсан уламжлалт ажлын загвараа шинэчлэхийг чухалчилна. Зөвхөн тоо биш инноваци чухал гэдгийг ойлгодог хүн.  

Шүгуан автомашины үйлдвэрийн захирал Чэнь Юнминий шинэчлэлтийн бодлогыг Жэн Зы-Юнь дэмжсэн боловч үүнийг нь сайд Тянь Шөүчэн эсэргүүцэв. Сайд “Ангийн тэмцлээр гол болгох” улс төрийн номлолыг хуучин хэвээр баримтлах боловч иргэд шинэчлэлтийг хүсч байлаа. Эндээс зөрчил үүснэ. Автомашины үйлдвэрийн захирал Чэнь Юнмин олон талын шахалтад өртсөн ч шинэчлэлийн бодлогоосоо ухралгүй хэрэгжүүлж, ард иргэдийн амьдралыг сайжруулахад анхаарч, орон сууцны асуудлыг шийдвэрлэнэ. Өөрийн орон байртай болсон хүмүүс нь түүнд талархаж, өрх бүр мөнгө нийлүүлж түүнд банш идүүлэв. Шинэчлэлийг дэмжсэн хэсгийн дарга Ян Шяодүн нарт итгэл төрж, ажлынхаа төлөө, зорилгынхоо төлөө зүтгэнэ. Эмэгтэй сэтгүүлч Е Жычю тэдний ажил үйлсийг сурвалжилсан тэмдэглэл бичиж нийтлүүлсэн нь орон даяар маш их шуугиан тарив. Аливаа сайн үйлд саад тотгор гарах нь уран зохиолыг улам сонирхолтой болгодог зөрчлийн хэлбэр юм.

Хорссон нэг хэсэг хүн худал мэдээлэл тарааж, Жэн Зы-Юнийг гүтгэнэ. Тянь Шөүчэн өөрийн эрх мэдлээ бататгахын тулд Жэн Зы-Юньтай далд өрсөлдсөөр л байв. Гэвч үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг үлгэр бий. Намын төлөөлөгчдийн хурлын сонгуульд Жэн Зы-Юнь олонхийн саналаар ялалт байгуулдаг.

Үндэсний Хүнд аж үйлдвэрийн яам, түүний харьяа автомашины үйлдвэрийн хөгжил, зөрчил маргааныг хэрхэн шийдвэрлэсэн үйл явдлаар дамжуулан 1978 оноос хойших нийгмийн хөгжлийн гол ололт болох шинэчлэлтийн тулгамдсан шаардлага, тулгарсан хүндрэл бэрхшээл, нийгмийн ээдрээтэй байдал, ширүүл зөрчил маргааныг гүнзгий зураглаж, өөрчлөлт шинэчлэлтийн урсгал дундах хүмүүсийн үзэл бодол, үйл хөдлөлийг бүх талаар дэлгэсэн зохиол болсон юм.

Зохиолч Жан Же Ляонин мужийн уугуул бөгөөд зохиолууд нь Мао Дүний нэрэмжит шагналыг хоёр удаа хүртсэн байдаг. Тэрээр Америкийн утга зохиол урлагийн хүрээлэнгийн хүндэт академич төдийгүй Италийн Малапарти олон улсын утга зохиолын шагнал хүртсэн байна.