“Андын номын сан” цуврал Ханс Андерсений шагналт зохиолч Цао Вэньшюань “Сүрлэн байшин”
2024-06-19 11:09:10
Share
Share this with Close
youtube WeChat

Ханс Андерсений олон улсын шагналт, хүүхдийн зохиолч Цао Вэньшюань“Сүрлэн байшин” романаа 1997 онд хэвлүүлжээ. Юмади бага сургуульд зургаан жил суралцсан хөдөөгийн хүү Сан Саны дурсамжаар хөвөрдсөн зохиол юм.  

Зохиол ингэж эхэлнэ. 1962 оны нэгэн өглөө. Номхон охин Жы Юег эмээ нь дагуулсаар Юмади бага сургуулийн захирал, Сан Саны аав Сан Чяо дээр ирж охиныг сургуульдаа шилжүүлж авахыг гуйв.

 

Уулын сургуулийн хүүхдүүд Жы Юег ялгаварлан гадуурхдаг байжээ. Юмади бага сургуульд шилжиж ирсэн цагаан цайлган Жы Юе охин багш нар болон ангийн хүүхдүүдэд хүндлэгдэх болно. Удалгүй сургуулийн уран сайхны тоглолтод Жы Юе гол дүрд сонгогдоно. Харин өөртөө итгэлтэй байсан Сан Санд эрэгтэй гол дүр биш дүр олджээ. Сан Саны тоомсорлонгуй ханддаг ангийн дарга Дү Шяокан удирдаж Жы Юе, Тү Хэ нартай тоглолтод бэлтгэх болсонд Сан Сан атаархаж, эндээс хүүхдүүдийн хооронд багагүй зөрчил үүснэ. Тү Хэгийн малгайг сэнсэнд өлгөж үймүүлсэнд аав нь уурласан тул гэртээ харихаас айсан Сан Сан зэгсэн дунд завинд хонов.

Жилдээ нэг болдог урлагийн тоглолтод мухар толгойт Тү Хэ жагсаалд явах нь сургуулийн имижид сөргөөр нөлөөлнө гэж захирал Сан Чяо үзэв. Тү Хэ захирлын шийдвэрийг эсэргүүцэв. Энэ мэтийн аар саар маргаанаас болж хоёр жил дараалан урлагитйн наадамд түрүүлсэн Юмади энэ жил тэргүүлж чадсангүй. Тү Хэ нэр төрийн төлөө хариугаа авсан боловч ангийн хүүхдүүд нь түүнийг орхиж, тэр ганцаарджээ.

Сан Чяо сургуулийн нэр алдраа эргүүлэн авахаар дараагийн тоглолтод найдаж байв. Гэсэн ч Жян багш, Бай Чюе-ийн тоглолтыг болиулав. Яагаад гэвэл Бай Чюе-ийн аав нь түүнийг Жян багшид дурлачихлаа гэж таамаглаад тэднийг уулзуулахгүй байжээ. Сан Сан тэдний хооронд захидал хүргэх ажил хийв. Сан Сан гэнэ алдаж Бай Чюе-ийн захидлыг алдав. Бай Чюе-ийн аав охиноо өөр хүнтэй гэрлүүлэхээр төлөвлөж байсан тул тэр захидал маш чухал байжээ. Сэтгэлтэй залуус бие биеэсээ захидал хүлээсээр байвч Сан Сан захидал алдсан үнэнээ нуусан тул итгэл алдарсан хоёр өөрсдийн замыг хөөжээ.

Сан Сан гэнэт хүндээр өвдөж, сургуулиас гарчээ. Сан Чяо захирал сайн багш, сайн захирал байлаа. Хүүгээ өвдсөн цагаас сайн аав байхаар хичээж, хүүгээ үүрэн эмнэлэгээр явж бэрх хэцүү бүхнийг даван туулжээ. Итгэл найдвар байсан нь яамай. Сан Чяо-ийн чин хүслийг тэнгэр бурхан хайрлан харж, цай худалддаг настан сайн эм өгснөөр Сан Сан эдгэрнэ. Амьдралын ийм эгэл жирийн жижиг хэсгүүдээс бүтсэн эл зохиол сонирхолтой. Уг зохиолоос сэдэвлэн “Сүрлэн байшин” нэртэй кино хийсэн нь 1998 оны Хятадын киноны Хуабяо шагнал, 1999 оны Жиньжи буюу Алтан тахиа шагнал, 14 дэх удаагийн Тегераны олон улсын кино наадмын шүүгчдийн тусгай шагнал хүртсэн байна.

Бээжингийн их сургуулийн профессор, хүүхдийн зохиолч Цао Вэньшюань-ийн “Сүрлэн байшин” зохиол 500 удаа хэвлэгдэж, 10 сая хувь борлогдсон байна. 

Түүний зохиолууд англи, герман, франц, япон, солонгос зэрэг 40 гаруй хэлээр орчуулагдан хэвлэгджээ.