Израил Газын зурвасыг дайрч, хилийн бүсэд Ливантай тулалдсаар байна
2024-06-22 15:08:16
Share
Share this with Close
youtube WeChat

Палестины мэдээллийн агентлагийн мэдээлснээр, энэ сарын 21-нд Израилын арми Газын зурвасын олон цэгт агаараас цохилт өгсний улмаас 40 орчим хүн амиа алдаж, олон хүн шархаджээ.

Тухайн өдөр Израилын Батлан хамгаалах хүчин мэдэгдэхдээ, Газын зурваст байгаа Палестины зэвсэгт хүчинд агаараас цохилт өгсөн. Мөн өдөр Израилын өмнөд нутаг Газын зурвасаас хөөргөсөн пуужингийн довтолгоонд өртсөн гэжээ.

Палестины мэдээллийн агентлаг 21-нд мэдээлснээр, Израилын арми мөн өдөр Газын зурвасын хойд хэсгийн Газа хот, төв хэсгийн Нусайрейт бүс, өмнөд хэсгийн Рафах хот руу олонтоо агаараас цохилт өгсний улмаас олон хүн амь үрэгдэж, шархадсан. Үүнд, Рафахаас баруун хойд зүгт орших Маваси бүсэд Израилын хоёр танк нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн байрлаж байгаа газар руу гал нээсний улмаас наад захдаа 25 хүн амиа алдаж, 50 хүн шархадсан гэжээ. 

Түүнчлэн Израилын батлан хамгаалах хүчин, Ливаны Хезболла бүлэглэлийн зэвсэгт хүчин Ливан-Израилын хилийн түр шугам дээр тулалдсаар байгаа бөгөөд Израилын арми Ливаны өмнөд хэсэгт орших Хезболла бүлэглэлийн зэвсэгт хүчний хэд хэдэн цэг рүү довтолсон гэж мэдэгдсэн бол Ливаны Хезболла зэвсэгт хүчин Израилын их бууны байршил, цэргийн бааз руу дайрчээ.