Ши Жиньпин Польшийн ерөнхийлөгч Дудатай уулзлаа
2024-06-24 18:03:12
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин зурагдугаар сарын 24-нд Бээжинд Ардын Их Хурлын Ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай уулзсан байна.

Ши жиньпин хэлэхдээ, Польш бол шинэ Хятад улсыг хамгийн эрт хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг юм. Энэ жил Хятад Польш хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. 75 жилийн турш, Хятад Польшийн харилцаа тогтвортой хөгжиж, ялангуяа найман жилийн өмнө бид Хятад Польшийн харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон хөгжүүлснээс хойш хоёр орны олон салбар дахь солилцоо хамтын ажиллагаа тал бүрээр гүнзгийрч, хамтын ажиллагааны үр бүтээмж хоёр орны ард түмэнд хүртээмжтэй болсоор ирсэн юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Польш хоёр тал харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох нь Хятад Польшийн найрамдлын цөм юм. Улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалахын төлөө гаргасан хүчин чармайлтыг харилцан дэмжих хэрэгтэй. Хүйтэн дайны сэтгэхүй, бүлэглэл байгуулан сөргөлдөхийг хамтаар эсэргүүцэж, НҮБ-аар цөм болгосон олон улсын системийг хамгаалж, эрх тэгш дэг журамтай олон туйлт дэлхий ертөнц байгуулж, хүртээмжтэй багтаамжтай эдийн засгийн даяарчлалыг дэмжих хэрэгтэй. Хоёр талаараа Хятад Польшийн засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс зэрэг механизмыг сайтар ашиглаж, олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, зохицуулалт төлөвлөлтөө эрчимжүүлж, “Бүс ба зам”-ыг чансаатай хамтаар байгуулж, Хятад Европын галт тэрэг зэрэг чухал төслүүдийг хамтаар дэмжиж, худалдаа, хөдөө аж ахуй, дижитал эдийн засаг, ногоон аж үйлдвэр, цэвэр эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Польшийн сайн чанарын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний Хятадын зах зээлд орохыг Хятадын тал дэмжиж, хоёр талын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг дэмжинэ. Хятадын аж ахуйн нэгжүүдэд шударга, эрх тэгш бизнесийн орчин хангахыг Польшийн талд хүсэж байна. Польшийн иргэдэд 15 хоногийн визгүй зорчих эрхийг Хятадын тал ганц талаасаа олгож байхаа мэдэгдэж байна. Хоёр талаараа хоёр орны соёл, залуучууд, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын солилцоог эрчимжүүлэх болно гэжээ.

Анджей Дуда хэлэхдээ, 2015 онд би Хятад улсад анх удаа төрийн айлчлал хийж байсан, 2022 оны эхээр Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцож байсан. Энэ удаа Хятадын хөгжлийн эрч хүчийг нэн их мэдэрлээ. Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлал хэрэгжүүлж, олны анхаарлыг татсан амжилт олсонд бахархаж байна гэжээ. 2016 онд Ши Жиньпин дарга Польшид төрийн айлчлал хийж, Польш Хятадын иж бүрэн стратегийн харилцааны хөгжлийн чухал бэлэг тэмдэг болсон юм. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах санаачилга Польшид хөгжлийн асар их боломж авчирсан байна. Хятад улстай “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах болсон нь Польшийн дэд бүтцийн барилга байгуулалт, эдийн засгийн хөгжлийг дайчилсан байна. Польшийн тал нэг Хятадын зарчим баримталж, Хятадын талтай хамтаар “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах хамтын ажиллагааг ахиулан, эдийн засаг худалдаа, хөдөө аж ахуй, дэд бүтцийн барилга байгуулалт, хүмүүнлэг зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, инновац, дижитал эдийн засаг, шинэ эрчим хүчний авто машин зэрэг шинэ салбарт хамтран ажиллаж, Хятадын аж ахуйн нэгжүүд Польшид хөрөнгө оруулахыг дэмжих болно гэжээ.