Хятад улс Вьетнамыг хөрш орнуудын дипломат харилцааны тэргүүн чиглэл гэж үзэж байна
2024-06-26 20:09:20
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 26-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн ардын их хурлын ордонд Зуны Давосын форумд оролцож буй Вьетнамын ерөнхий сайд Фам Мин Тринтэй уулзжээ.

 Юуны түрүүнд Ши Жиньпин дарга Вьетнамын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг болон Вьетнам улсын дарга Су Линд дотнын мэндчилгээг уламжлахыг Фам Мин Тринд хүсээд, цааш нь хэлэхдээ, өнгөрсөн оны эцсээр миний бие Вьетнам улсад айлчилж, Вьетнамын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгтай хамтаар маш чухал стратегийн ач холбогдолтой Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг зарлаж, хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэсэн юм. Хятад улс Вьетнамыг ойр хөршийн дипломат харилцааны тэргүүн чиглэл гэж үзсээр ирсэн. Вьетнамын өөрийн орны нөхцөлд нь бүрэн нийцсэн социалист замаар замнахыг Хятад улс тууштай дэмжих бөгөөд Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах замаар улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, аюулгүйн хамтын ажиллагааг бодит болгон, ажил хэрэгч хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, иргэдийн харилцааг улам бэхжүүлж, олон тал зохицуулалтаа сайтар хийж, оршиж буй санал зөрөлдөөнөө зөвөөр шийдвэрлэх зорилт тавьж байна. Мөн орчин үеийн шинэчлэлийг алхаа нэгтэй хийж, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Вьетнамын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг болон Вьетнам улсын дарга Су Линд дотнын мэндчилгээг Фам Мин Трин Ши Жиньпин даргад уламжилжээ.

Фам Мин Трин хэлэхдээ, Хятад улс хөгжин цэцэглэхийг Вьетнам дэмжиж байгаа бөгөөд Хятад улс хоёр дахь зуун жилийнхээ зорилтыг товлосон ёсоор биелүүлж, дэлхийн энх тайван, хөгжилд илүү их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн санаачилгуудыг Вьетнам дэмжиж байгаа бөгөөд “ Номхон далай дамнасан түншлэлийн харилцааны хэлэлцээрт”-т Хятад улс нэгдэн орохыг дэмжиж байна. Эдийн засаг, технологийн асуудлыг улстөржүүлэхийг бид эрс эсэргүүцнэ. Хятадын төр улсаа засаглах шинэ онол, шинэ практик үр бүтээлээс Вьетнамын тал туршлага суралцахыг хүсэж байна. Бид Хятадтай хамтдаа социалист замналаар тууштай явж, хамтын хөгжилд хүрэхийг хүсэж байна. Өнгөрсөн онд Ши Жиньпин даргын Вьетнамд хийсэн айлчлал нь хоёр орны харилцаанд маш чухал ач холбогдолтой. Иймд Вьетнамын тал Хятадтай хамтдаа айлчлалын чухал ололт амжилтыг сайтар хэрэгжүүлж, “зургаан чухал зорилт”-ын дагуу улс төрийн харилцан итгэлцээ улам бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, залуучуудын солилцоог дэмжиж, иргэдийн солилцоог бэхжүүлж, олон талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө зохицуулж, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг бодитоор дэмжихэд бэлэн байна гэжээ.