Өвөр Монголд аялах зуны аяллын маршрут
2024-07-02 13:23:23
Share
Share this with Close
youtube WeChat

Өвөр Монголын өөртөө засах орон саяхан зуны аяллын арван шилдэг маршрут гарган, аяллын цахим хуудас ажиллуулж, Хятад, Монгол, Оросын “Гурван нуурын болзоо” түмэн бээрийн цайны замын хил дамнасан авто аялал зэрэг арга хэмжээ зохиохоо мэдэгдэн, гадаад дотоодын жуулчдыг урилаа.

Зуны аяллын арван шилдэг маршрутад авто аялал, эрүүл мэндийн сувилгаа, амралт зугаалга зэрэг олон хэлбэртэй бөгөөд хээр тал, ой хөвч, элс манхан нутагтай танилцах боломжтой юм. Тухайлбал: Хөх хотоор дөрвөн хоног аялж, ӨМ-ын төвийн түүх соёлтой танилцах, Хөлбөнбуйраар таван хоног аялж, байгалийн сайхантай танилцах, Хянган даваанд дөрвөн хоногийн авто аялал хийж, хилийн бүстэй танилцах, Рашаанд гурван хоног амарч, ой хөвчийн цэвэр агаарт рашаан сувилал хийх, Хорчин нутгаар гурван хоног аялж, хангайн төрхтэй танилцах, Улаанхадад гурван хоног аялж, лууны соёлтой танилцах, Шилийнголд гурван хоног аялж, малчин айлд зочлох, Бээжингээс хол явахгүйгээр хойд нутагт сэрүүцэж амрах, Шар мөрний урсгал дагуу таван хоног аялах, Бадайн жараны элсэн цөлөөр дөрвөн хоног аялах зэрэг маршрутыг хамарч байна.

ӨМ-ын Соёл аялал жуулчлалын танхим Гаодэ GPS-тай хамтран, “Нэг товчлуураар Өвөр Монголтой танилцахуй” хэмээх авто аяллын платформ ажиллуулж, Улаанцав, Хөх хот, Бугат, Баян-нуур, Алшаа зэрэг аймаг хотуудыг холбон, ой хөвч, хээр тал, намгархаг газар, элсэн цөлийг туулах авто аяллын шугамд баялаг сонголт хангасан байна. Үүгээр дамжуулан, зочид буудал, үзэмжит бүс, хоол хүнс захиалах өргөн боломжтой юм.

Хятад, Монгол, Оросын “Гурван нуурын болзоо” түмэн бээрийн цайны замын хил дамнасан авто аялал, “Мянган машин түмэн хүн” луут нутгаар авто аялал хийх, Хулан шарга даага элсэрхэг газраар авто аялал хийх зэрэг маршрут саяхан ажиллуулснаар, нутаг нутгийн аяллын баг ар араасаа хөдөлцгөөж байна.