Израилийн цэргүүд цэргийн байгууламжууд руу дайрчээ
2024-07-02 11:10:26
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 1-ний өдөр Израилийн арми Газын зурвасын хойд, төв болон өмнөд хэсгийн олон газарт Палестины зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд цохилт өгөх цэргийн ажиллагаа явуулжээ. Палестины зэвсэгт хүчин Израилийн цэргийн ажиллагаанд ширүүн хариу дайралт хийсэн байна.

7-р сарын 1-нд Израилийн батлан хамгаалах хүчин Газын зурвасын хойд хэсгийн Газа хотын Шужайя хороололд цэргийн ажиллагаа явуулсан байна. Израилийн арми өнгөрөгч өдрийн дотор Шужайя хороололд олон удаа агаараас цохилт өгч, олон арван зэвсэгт хүмүүсийг устгаж, зэвсэг үйлдвэрлэх, хадгалах хэд хэдэн газрыг сүйрүүлэв гэжээ. Нэмж дурдахад Израилийн арми үнэн зөв тагнуулын мэдээлэлд түшиглэн, Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотын баруун хойд хэсэгт буй Палестины Исламын Хихадын цэргийн байгууламжид цохилт өгчээ. Энэ байгууламж нь Жихадын Газын зурвас дахь пуужингийн үйлдвэрлэлийн хамгийн том бааз гэж Израилийн цэргийнхэн мэдэгджээ.

7-р сарын 1-нд Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөний ХАМАС-ын дэргэдэх зэвсэгт бүлэглэл болох "Аль Кассан бригад" болон Жихадын дэргэдэх зэвсэгт бүлэглэл "Кудс бригад" мэдэгдэхдээ, тэдний зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Шужайя хороололд танк эсэргүүцэх зэвсэг хэрэглэн Израилийн армийн хоёр танкт оновчтой цохилт өгөв гэжээ. Рафах хотод зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Израилийн армитай ширүүн тулалдаж, Израилийн хоёр танкийг устгаж, түүнчлэн Израилийн хэсэг цэргүүдийг бөмбөг булсан барилга руу татсаны дараа тэсрэх бөмбөгийг дэлбэлэв гэжээ.

Үүнээс гадна Израилийн арми 7-р сарын 1-нд Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис бүсээс Израиль руу 20 орчим пуужингийн сум харвасныг хянаж мэдэв. Палестинчуудын эсрэг Израиль гэмт хэрэг үйлдсэний хариуд тус бүлэглэл Газын зурвасын хилийн ойролцоох Израилийн өмнөд хэсгийн хэд хэдэн суурин руу пуужингаар дайрав гэж "Кудс бригад" мэдэгдэлдээ дурджээ. Тэр өдрийн орой Израилийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Авичай Адраи олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэл гаргаж, Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хот болон Рафах хотын зарим дүүргийн хүмүүсийг татан гарахыг шаардсан байна.