ХКН-ын XX удаагийн ТХ-ны III бүгд хурлаар Хятадын өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх болон Хятадын онцлогтой модернизацийг ахиулах зэрэг асуудалд илүүтэй төвлөрөх болно
2024-07-10 15:50:09
Share
Share this with Close
youtube WeChat

МУ-ын Боловсролын ухааны доктор (Ph.D),  Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ

ХКН-ын XX удаагийн ТХ-ны III бүгд хурал энэ 7-р сарын 15-18-ний өдрүүдэд Бээжин хотноо хуралдах гэж байна. Үе үеийн III бүгд хурал нь ХКН-ын төлөөлөгчдийн их хурал хуралдаж дуусаад хоёр дахь жилд зохион байгуулагддаг уламжлалтай.

Тус хуралд ХКН-ын ТХ-ийн гишүүд оролцож, Улс Төрийн Товчоо Төв Хороондоо ажлын тайлангаа өргөн барьдаг. ТХ-ны удирдлагууд ямар сэдэв дээр төвлөрч, ямар шийдвэр гаргах, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдгээс бид Хятадын засгийн газрын зүгээс цаашид хөгжлийн бодлого төлөвлөлт, шинэчлэлтийн чиг баримжаа, эдийн засгийг хөгжүүлэх хүндийн төвийг танин мэдэх боломжтой юм.

 

Уншигчдад сонирхолтой байх үүднээс 1956 онд хуралдсан анхдугаар III бүгд хурлаас өнөөдрийг хүртэл түүхэнд чухалд тооцогдох хэдэн хурлын талаар товч танилцуулъя.

1.    1956 оны III бүгд хурал: ХКН-ын түүхнээ хамгийн анхных гэдгээрээ алдартай. Тус хурлаар социалист бүтээн байгуулалтын асуудал, үүнд намын бүтээн байгуулалт, социализмын шинэчлэлт, эдийн засгийн бүтээн байгуулалтыг урагшлуулах талаар онцлов.

2.    1978 оны III бүгд хурал: Хятадын өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогын эхлэлийг тавьж, Дэн Шяопин шинэчлэлтийн зарим бодлогуудыг дэвшүүлснээр тус улс зах зээлийн эдийн засаг, гадагшаа нээлттэй болсноо олон улсад харуулав.

ХКН-ын XI удаагийн III бүгд хурал бол Хятад улсын “өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого”-ын их эргэлт албан ёсоор эхэлсний тод илэрхийлэл юм.

Эх сурвалж: https://pandapawdragonclaw.blog/2019/01/06/december-round-up-reform-opening-belt-and-road/

 

3.    1984 оны III бүгд хурал: Эдийн засгийн тогтолцооны шинэчлэлтийг ахиулж, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо байгуулах зорилго дэвшүүлэв.

4.    1993 оны III бүгд хурал: Социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүтээн байгуулах бодит арга хэмжээний талаар хэлэлцэж, шинэчлэлтийн чиглэл, алхмуудыг илүү тодорхой болгов.

5.    2003 оны III бүгд хурал: Дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилгыг чухалчилж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах бодлогуудыг дэвшүүлэв.

6.    2013 оны III бүгд хурал: Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ерөнхий төлөвлөгөө тавьсаны дотор эдийн засаг, улс төр, соёл, нийгэм болон экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын салбарууд багтав.

7.    2018 оны III бүгд хурал: Нам хийгээд төрийн институцийн шинэчлэлтийг гүнзгийрүүлэх, засгийн газрын үүргийг сайжруулах, засаглалын үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг голлон хэлэлцэв.

Тэгвэл энэ удаагийн III бүгд хурлаар өөрчлөлт шинэчлэлтийг илүү гүнзгийрүүлэх, Хятадын онцлогтой модернизацийг улам ахиулах гэсэн хоёр асуудалд илүү төвлөрөхөөр байна. Энэ хоёр асуудал бол Хятад улсын 2035 он гэхэд өндөр түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог цогцоор байгуулах зорилгод хүрэхэд урьдач бэлтгэл ажил болно гэж хэлбэл их хол зөрөхгүй болов уу.

Хятад улсын эдийн засгийн чадавх нэмэгдэж, олон улс дахь байр суурь нэмэгдэхийн хэрээр тус улс олон улсын харилцааг илүү тэнцвэртэй олон талт чиглэлд хандуулан хөгжүүлэх арга замуудыг эрэлхийлж, олон улсын үйл хэргийг хөтөлж явуулахдаа ижил тэнцүү, тэгш шударга, хамтдаа хожиж хамтран ажиллах хандлагыг баримталж, бүс нутгийн мөргөлдөөн дэлхийн шинжтэй асуудлуудыг шийдвэрлэхэд шинэ үзэл санаа, арга барилыг санал болгох болсон. Энэ нь талархууштай зүйл юм.

Үүнээс гадна Хятад улсын өнөөгийн өөрчлөлт шинэчлэлтийн бодлого арга хэмжээний хүрээнд хүрээлэн буй орчныг хамгаалах болон шинжлэх ухаан технологид суурилсан инновацийн салбарт ихээхэн хөрөнгө, хүч зарцуулж байгаа. Энэ нь дэлхийн шинжтэй асуудлууд жишээ нь дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажил, мөн олон улсын шинжлэх ухаан технологийн салбар ахиж дэвшихэд ихээхэн хувь нэмэр оруулахаар байна гэж харж байна.

Нэмж дурдахад ХКН-ын энэ удаагийн бүгд хурлын үндсэн асуудалд “бүс ба зам” санаачилгын талаар тусгайлан хэлэлцэхгүй болов уу. Гэвч ХКН-ын XX их хурлын тайлан болон холбогдох бодлогын баримт бичгийн талаар уншиж байхад “бүс ба зам” санаачилга нь ирэх жилүүдэд Хятадын гадагшаа нээлттэй байх, олон улсын хамтын ажиллагааных нь чухал бүрэлдэхүүн хэсэг хэвээр байж, өндөр чанартай хөгжилд хүрэхэд ашиглах гол арга хэрэгсэл байна гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл манай өмнөд хөрш улс “бүс ба зам” санаачилгын хүрээнд цаашдаа нээлттэй, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, ногоон дэд бүтцийн төслүүд, ногоон хөрөнгө оруулалт, ногоон санхүүгийн салбарыг урагшлуулахад анхаарна.

Хятад улсын өөрчлөлт шинэчлэл нээлттэй бодлого 1978 онд хэрэгжиж эхэлснээс хойш 40 гаруй жил өнгөрч, энэ хугацаанд Хятад улсын эдийн засаг асар хурдацтай өсч, нийгмийн хөгжлийн томоохон ахиц дэвшилд хүрсэн юм. Дэн Сяопин-ий эхлүүлсэн өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого бол Хятад улсын онцлог, дахин давтагдашгүй хөгжлийн нэгэн загварыг бүтээж чадсан байна. Өнөөдөр тус улс өөрчлөлт шинэчлэлтийн бодлогоо амжилттай хэрэгжүүлж чадсаны үр шимээр дэлхийн хоёр дахь эдийн засаг болсон. Хүчирхэгжилтийг дагаад Хятадын эдийн засаг, улс төр олон улсын тавцанд томоохон байр суурийг эзлэх болсон билээ. Тиймээс ч тус улсын эдийн засгийн бодлого төлөвлөлт, гадаадад нээлттэй байдал, шинжлэх ухаан технологи инновацийн салбарын хөгжил, хүрээлэн буй орчин хамгаалал зэрэг олон олон салбарт цаашдаа ямар бодлогын чиглэл баримтлах, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг олон улс анхаарал хандуулах нь улам ихсэв. Өөрөөр хэлбэл Хятадын нийгэм эдийн засаг, хөгжлийн бодлого төлөвлөлт, хэрэгжилт бүгд олон улсын харилцаа, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт болон дэлхийн засаглалын тогтолцоонд шууд нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул олон улсын ажиглагчид, судлаачид, бодлого боловсруулагчид бүгд энэ удаагийн тус III бүгд хурлаас олон олон асуултад хариулт авахаар хүлээж байна.