12-ны өдөр, Хятад улсын энэ оны эхний хагас дахь гадаад худалдааны үр бүтээмжийг албан ёсоор нийтэллээ. Барааны худалдааны импорт экспортын нийт хэмжээ 21 их наяд 170 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.1%-иар нэмэгдэж, сэргэн сайжрах чиг хандлага үргэлжлэн бэхжисэн байна. Их Британийн “Financial Times” болон бусад гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэлдээ, барууны орнууд “харилцааг таслаж гинжинг салгах”, түүнчлэн АНУ, Европ Хятадад нэмэлт татвар ногдуулах зэргээр хөөрөгдөж буй таагүй нөхцөл байдалд Хятадын гадаад худалдаа “төсөөлснөөс сайн" ийм үр дүнд хүрсэн нь хялбар бус бөгөөд Хятадын эдийн засгийн онцлог тал болсон гэж тэмдэглэжээ.
Энэ оны эхний хагаст Хятадын импорт экспортын хэмжээ түүхэнд анх удаа 21 их наяд юанийг давж, шинэ дээд амжилт тогтоов. Өсөлтийн хурдын хувьд, импорт, экспорт хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 7.4%-иар өсч, энэ оны эхний улирал болон ноднингийн сүүлчийн улиралтай харьцуулахад 2.5, 5.7 нэгжээр тус тус өссөн нь гадаад худалдааны эерэг эрч сайн бөгөөд улам бэхжиж байгааг харуулж байна.
Оны эхний хагаст ерөнхий худалдааны импорт экспорт 65%-ийг эзэлж, гадаад худалдааны өсөлтийг хөдөлгөх гол хүч болов. Энэ нь Хятадын гадаад худалдааны өөрчлөлт, сайжруулалт гайхалтай үр дүнд хүрч, ерөнхий худалдаагаар илэрхийлэгдэх өндөр чанартай худалдааны загвар гол урсгал болж байгааг харуулав. Үүний зэрэгцээ, шинэ эрчим хүчний автомашин, литийн батерей, нарны зайн эрчим хүчний бүтээгдэхүүнээр төлөөлүүлсэн "гурван шинэ бүтээгдэхүүн" нь гадаадын зах зээлд борлуулалт сайтай хэвээр байгаа нь Хятадын гадаад худалдааны чанар, ахиц дэвшилд хүчтэй түлхэц үзүүлж байна. Энэ оны эхний хагаст, Хятадын автомашин болон бусад механик цахилгаан бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.2%-иар нэмэгдэж, экспортын бараг 60%-ийг эзэлж, өрсөлдөх чадварын илэрхий давуу талыг харуулсан байна. Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн нийтэлсэн тоо баримтаас үзвэл, оны эхний хагаст шинэ эрчим хүчний автомашины борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 32%-иар нэмэгдэж, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 13.2%-иар нэмэгдэв.
“Geely” автомашины групп мэдэгдэхдээ, энэ оны эхний хагаст тус группын гадаад дахь нийт экспортын борлуулалт 190,000 ширхэгийг давж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 67%-иар өссөн гэв. Хятадын цахилгаан батерей үйлдвэрлэгч “CATL” компани, энэ оны 1-5 дугаар сард гадаадын зах зээл дэх батерейны хэрэглээ нь 34.9 ГВт-д хүрч, зах зээлийн 26.9%-ийг эзэлж, дэлхийд нэгдүгээрт жагссан. Учир нь бид инновацийг аж ахуйн нэгжийн хөгжлийн гол өрсөлдөх чадвар гэж үздэг гэжээ.
Нэн өргөн цар хүрээтэй, илүү чанартай гадаад худалдаа нь дэлхий дахинд илүү их боломжийг авчрах нь дамжиггүй. Гадаадын олон оронд Хятад улс өндөр чанартай, хямд бүтээгдэхүүн нийлүүлэхийн зэрэгцээ гадаадын олон орны бараа бүтээгдэхүүнд өргөн хэрэглээний зах зээлийг бий болгожээ. Тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хагаст Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны импорт өнгөрсөн оны мөн үеэс 5.2%-иар нэмэгдэж, импортын цар хүрээ тогтвортой өргөжсөн байна. Хятадын засгийн газар нээлттэй олон талт бодлого хэрэгжүүлж байгаа тул олон орны тусгай бүтээгдэхүүн Хятадын зах зээлд нэвтэрч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадад хөгжих орон зай улам нэмэгдэх юм.
Сүүлийн үед Дэлхийн Банк, ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд 2024 оны Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө өсгөсөн байна. ОУВС-гийн судалгаагаар, Хятадын эдийн засгийн өсөлтийн 1 нэгж бүр нь бусад эдийн засгийн цогцуудын өсөлтийн түвшинг дунджаар 0.3 нэгжээр нэмэгдүүлнэ гэж тогтоожээ. Энэ нь Хятадын эдийн засаг бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн том хөдөлгүүр хэвээр байгаа бөгөөд Хятадын зах зээл ч мөн адил гадаадын хөрөнгө оруулагчдын орхиж болшгүй зах зээл гэдгийг дахин нотолж байна.
НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас гаргасан хамгийн сүүлийн үеийн "Дэлхийн худалдааны төлөв байдал" тайланд энэ оны эхний улиралд олон улсын худалдаа сэргэж байгааг онцолжээ. Сэргээлтийн цаана дэлхийн худалдаа геополитик, худалдааг ивээх үзэл зэрэг олон тодорхойгүй байдалтай тулгарсаар байгааг тэмдэглэх нь зүйтэй. Ээдрээ, өөрчлөлт ихтэй олон улсын орчны өмнө Хятадын эдийн засаг давлагааг даван туулж, дэлхийн улс орнуудтай илүү олон өндөр чанартай хөгжлийн ашиг болон боломжийг хуваалцах итгэл, хүч чадалтай байна.