Парисын олимпд оролцох Хятадын хамгийн залуу тамирчин Жэн Хаохао
2024-07-23 14:30:29
Share
Share this with Close
youtube WeChat

Парисын Олимпийн наадам эхлэх гэж байна. Хятадын спортын төлөөлөгчдийн багт хамгийн бага настай нь Гуандүн мужаас ирсэн дөнгөж бага сургуулиа төгсөж буй 11 настай Жэн Хаохао юм. 

Энэ оны зургадугаар сарын сүүлчээр, Будапешт хотноо болсон Олимпийн скейтбордын эрхийн тэмцээнд Жэн Хаохао эцсийн даваанд өрсөлдөгчөө ялж, 72.6 оноогоор Парисын олимпийн эрхээ авчээ. Тэрээр хүүхэд насандаа дасгал сургалтын хүнд дарамтыг хэрхэн туулж, Олимпийн наадамд оролцох мөрөөдлөө биелүүлсэн бол? 

"Олимпд оролцохыг маш их хүсдэг, гэвч хатуу дасгал сургалтад тэсвэрлэж чадахгүй уйлж ч байсан. Үнэхээр их ядардаг. Энэ удаа олимпд оролцож, мөрөөдлөө биелүүлэх болсонд маш баяртай байна" гэж Жэн Хаохао хэлж байлаа. 

Жэн Хаохао 7 настайдаа скейтбордод хөл тавьж, 8 настайдаа мужийн шигшээ багт элсэж, 9 настайгаасаа улсын тэмцээн, 10 настайдаа олон улсын тэмцээнд оролцож, 11 насандаа Олимпийн наадамд оролцож гэж байна. Жэн Хаохао спортоор хичээллэх явцад,“Энэ хүүхэд тоглосоор байгаад л олимпод оролцох болоо. Бурхан тусалсан, маш их азтай хүүхэд”гэж хүмүүс хэлэлцдэг. Харин Хаохаогийн хувьд хэчнээн их өвдөж шаналан, унаж, бэртэж, уйлж байсныг өөрөө л мэднэ. Мөн энэ их аз, "бурхан" нь түүний ард түшиг болж явсан ээж нь байх ёстой. Охиноо мэргэжлийн скейтбордоор хичээллэхэд нь бүрэн дэмжлэг үзүүлэхийн тулд ээж Ван Жэ нь уулын ажлаа орхиж, Гуандүн мужийн скейтбордын багт орчуулагчаар ажиллаж, Хаохаог бэлтгэл сургалт, уралдаан тэмцээнд оролцоход нь тусалж иржээ. 

Би охиныхоо "Скейтбордын салбарт шилдэг нь болъё" гэж бичсэн тэмдэглэлийг санамсаргүй харсан. Охин маань энэ мэргэжилд сонирхолтой юм байна гэж бодоод л тэр цагаас хойш түүнийг дэмжихээр шийдсэн юм. Эдгээр жилүүдэд скейтбордоор хичээллэж байхдаа охин маань олон удаа гэмтэж бэртсэн, энэ бүхнийг хараад эхэндээ маш их санаа зовдог байсан. Одоо харин дасч байна. Унасан газраасаа босох хэрэгтэй гэдгийг охин минь ухаарсан бололтой гэж Жэн Хаохаогийн ээж Ван Жэ хэллээ.  


Жэн Хаохао хэлэхдээ, энэ удаа Парисын олимпод эхний 16-д орохыг хүсэж байна. Дараа нь Парисаас ээждээ бэлэг авна гэж бодож байна. Жэн Хаохаогийн оролцох Парисын олимпийн эмэгтэйчүүдийн скейтбордын тэмцээн наймдугаар сарын 6-нд эхлэх бөгөөд наймдугаар сарын 11-нд Парисын олимпийн хаалт болно. Энэ өдөр нь Жэн Хаохаогийн 12 насны төрсөн өдөр юм. Жэн Хаохаогийн хувьд энэ хоёр өдөр нь ойрхон бөгөөд маш чухал тул Парисын аялал түүнд мартагдашгүй дурсамж үлдээх нь лавтай. Бяцхан тамирчиндаа өндөр амжилт хүсье.