Бүс нутгийг дахин сүйрэлд хүргэж болзошгүй эрсдэлтэй үйлдлээ зогсоохыг Израильд шаардав
2024-09-20 10:19:49
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан 19-ний өдөр Аюулгүйн Зөвлөлийн Палестин Израилийн асуудлаарх нээлттэй хурал дээр хэлэхдээ: Хятад улс Израилийг зэвсгийн хүч хэрэглэх хүслээ орхиж, цэргийн хүчээр бүрэн ялалтад хүрэх хий бодлоосоо татгалзаж, Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоон, Ливаны бүрэн эрх, аюулгүй байдлыг зөрчих үйлдлээ зогсоож, бүс нутгийг өөр сүйрэлд хүргэж болзошгүй эрсдэлтэй үйлдлээ зогсоохыг шаардаж байна.

Гэн Шуан хэлэхдээ, 18-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 10 дахь удаагийн ээлжит бус тусгай чуулган Палестин улсын дэвшүүлсэн Олон улсын шүүхийн зөвлөх дүгнэлтийг хэрэгжүүлэхийг шаардсан тогтоолыг олонхын саналаар баталсан. Газын мөргөлдөөн үргэлжилж, Ойрхи Дорнодын нөхцөл байдал ээдрээтэй, шийдвэрлэхэд хэцүү байгаа энэ эгзэгтэй мөчид энэхүү тогтоол батлагдсан нь түүхэн чухал ач холбогдолтой гэв.

Гэн Шуан хэлэхдээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд Израилийг хууль бус эзлэн түрэмгийллээ зогсоохыг шаардаж, Израильд эзлэн түрэмгийллээ хадгалахад нь зэвсэг нийлүүлж өгөхөө зогсоохыг бүх талуудад уриалж, олон улсын хуулийн засаглалыг зайлшгүй баримтлахыг онцолж, "Хоёр орны төсөл"-ийн хэрэгжилтийг түргэтгэхийг уриалж байна. Энэхүү тогтоол нь Палестины асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээний нийтлэг ойлголт, олон улсын хамтын нийгэмлэг Ойрхи Дорнодод шударга ёсыг сахиж, энх тайвныг тогтоох тууштай шийдэмгий байдлыг тусгаж байна. Аюулгүйн зөвлөл олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгыг анхааралтай сонсож, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал хандуулж буй асуудалд үр дүнтэй хариу өгөх ёстой гэж тэмдэглэв.