1.6 тэрбум ам.долларын мөнгө үрнэ гэдэг тэнэг явдал
2024-09-20 22:54:46
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим саяхан "Хятадын нөлөөлөл" гэгчийн эсрэг 2023-2027 оны санхүүгийн жил хүртэл жилд 325 сая ам.доллар, нийтдээ 1.6 тэрбум ам.долларыг зарцуулах агуулгатай хуулийн төслийг баталлаа. Энэхүү асар их мөнгийг үрж буйн зорилго нь олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж, Хятадыг харлуулах гэсэн шинэ алхам юм. Энэ нь АНУ бол жинхэнэ худал мэдээлэл тарааж, олон улсын харилцаа, олон нийтийн санаа бодлын орчинд сөргөөр нөлөөлж буйг гүйцэд харуулж байна.

Энэхүү хуулийн төслийг судалж үзэхэд, Хятадын тогтолцоонд халдсан хэвшмэл үгсээс гадна АНУ-д түгээмэл хэрэглэгддэг нэр томьёо, тухайлбал АНУ-ын “үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал”, "олон улсын дэг журмыг алдагдуулж байна" гэх мэт үгийг хэрэглэжээ. Бас “Бүс ба Зам” санаачилгыг гүтгэх гол зорилгоо дурджээ. Үүний тулд уг хуулийн төсөл нь АНУ-аас санхүүждэг хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг үүнтэй холбоотой сөрөг мэдээлэл зохиохыг уриалж байна. Америкийн Квинсигийн үндэсний харилцааны судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Маркус Стэнли 1.6 тэрбум ам.доллар нь CNN-ийн жилийн үйл ажиллагааны зардлаас хоёр дахин их хэмжээний зардал" гэж тайлбарлав. Үүний нэгэн адил 1.6 тэрбум ам доллар нь АНУ-ын Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагийн жилийн төсвөөс хоёр дахин их байна. Энэ нь АНУ-ын ноёрхлын түгшүүр, зарим хүмүүсийн улс төрийн хөрөнгө олж авах, Хятадыг гутаах гэсэн санаархал байгааг харуулж байна гэж шинжээчид онцолжээ.

Уг хуулийн төсөлд ямар хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих, 1.6 тэрбум ам.долларыг хэрхэн зарцуулахыг шууд хэлээгүй ч Глобал холбоо барих төв \СЕХ\ болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг гэсэн хоёр танил нэр гарчээ.

СЕХ-г харахад, тус агентлаг нь АНУ-ын Төрийн департаментын харьяанд  байдаг бөгөөд Хятад, Орос зэрэг орны эсрэг АНУ-ын танин мэдэхүйн дайныг зохицуулах төв гэж үзэж болно. Энэ нь "худал мэдээлэл"-ийн эсрэг үүрэг гүйцэтгэдэг гэж мэдэгдэж байгаа боловч үнэн хэрэгтээ энэ нь худал мэдээлэл бий болгох төв юм. Харин АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь АНУ-ыг гадаадад "ардчилалд нэвтрүүлэх" хамгийн чухал агентлаг юм. 

Хэрэв 1.6 тэрбум ам.долларын төсөв батлагдвал энэ их мөнгө тус хоёр байгууллагад орох магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Энэ их мөнгийг  хэрхэн зарцуулах тухайд, тус хоёр байгууллага олон нийтийн үзэл бодлын дайн, танин мэдэхүйн дайныг эхлүүлэхэд зарцуулна гэдгийг энэ бүхнээс бүрэн ойлгох боломжтой юм.

Олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэхийн тулд мөнгө үрдэг нь АНУ-ын хувьд сонин зүйл биш болсон. Хүйтэн дайны үед ЗХУ-тай сөргөлдөхөөс эхлээд энэ зууны эхээр "Арабын хавар"-ыг өдөөн дэвэргэж, одоо Хятадыг харлуулах, гутаан доромжлох хүртэл АНУ-ын арга мэх маш олон бий.

 Хамгийн тулгамдсан зүйл бол улс төрчид нь нэр төр, ашиг хонжооны хойноос  улайрч байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхим хоёр жил тутамд сонгогддог бөгөөд сонгууль нь сар гаруйн дараа болно. Намын туйлшрал эрчимжихийн хэрээр Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн бүрэн эрхийнхээ хугацаанд өргөн мэдүүлсэн олон хуулийн төслийг батлахад улам хүндрэлтэй болно. "Хятадын эсрэг хүчээ харуулах" гэгдэх улс төрийн нөхцөл байдалд тэд ямар нэгэн талаар амжилт гаргая гэвэл заавал Хятадын тухай ярих ёстой болно. Иймээс "Хятадын нөлөөлөл"-ийн эсрэг энэхүү хуулийн төслөөр жишээ болгож үзэхэд, санал дэвшүүлсэн хүн Бүгд найрамдах намын конгрессын гишүүн Энди Барр нь АНУ-Хятадын стратегийн өрсөлдөөний тусгай хорооны гишүүн юм. Хятадын Ардын их сургуулийн профессор Дяо Дамингийн хэлснээр, жил гаруйн хугацаанд байгуулагдсан тус хороо улс төрийн хөрөнгөтэй болохын тулд "эцсийн тайлангийн хуудас"-аа дэвшүүлэхийг санаархаж байна.

Үүнээс гадна, АНУ-ын сонгууль ойртож байгаа энэ үед АНУ-ын Конгресс ч олны анхаарлыг татахын тулд Хятадын ирээдүйн бодлогын өнгө аясыг тогтоож, Хятадын бодлогын талаар давамгайлах эрх олж авахыг оролдож байна. Хамгийн гол нь АНУ-ын өнөөгийн нийгмийн зөрчил улам хурцдаж, олон нийтийн дургүйцэл нэмэгдэж байгаа болохоор хоёр нам Хятадыг бай болгож, илүү олон санал авахын тулд "Хятадын заналхийлэл" гэгчийг хөөрөгдөж, улсын дотоодын зөрчлөө Хятадад руу шилжүүлэхийг оролдож байна.

Иймээс Америкийн улс төрчид улс төрийн хөрөнгөтэй болохын тулд Хятадыг "доромжлох", "харлуулах" зэвсэг болгож, Америкийн ард түмний Хятадад дайсагнах үзэл бодлыг улам дэвэргэж, Хятад, Америкийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг харж болно. Гэвч доромжилж, харлуулаад Америкийн асуудлыг үндсээр нь шийдэж чадахгүй, Хятадын хөгжилд саад учруулж чадахгүй, харин Хятад Америкийн харилцааг сүйтгэж, өөрийн орон, ард түмний ашиг сонирхлыг хохироож, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлэл авчрах болно. Америкийн улс төрчид өөрөөсөө асуу: энэ 1.6 тэрбум ам долларыг үрнэ гэдэг тэнэг биш үү?