Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 9 дүгээр сарын 23-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Сэтгүүлч: Саяхан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 57-р чуулган Афганистан дахь хүний эрхийн асуудлаарх хэлэлцүүлэг дээр Афганистан дахь эмэгтэйчүүдийн эрхийн талаар санаа зовж байгаагаа зарим оролцогчид илэрхийлсэн байна. Түүнчлэн голч шударга, хүндэтгэлтэй аргаар Афганистаны эрх баригчид охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг дэмжин чиглүүлэхийг Хятадын тал уриалсан байна. Энэ тухайд танилцуулаач.
Линь Жянь: Хятад улсын засгийн газар охид эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахыг чухалчилсаар ирсэн бөгөөд Афганистаны эрх баригчид охид эмэгтэйчүүдийн эрх ашгийг хүндэтгэж, хамгаална гэдгээ олонтоо онцолж байсныг анхааралдаа авсан юм. Тиймд Афганистаны тал дээрх бодлого, байр сууриа хөрсөнд буулгаж, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал, санал бодлыг чухалчлан авч үзэн, холбогдох талуудтай найрсаг зөвшилцлөөр асуудлаа зохицуулахыг хүсэж байна. Мөн охид эмэгтэйчүүдийн асуудал бол Афганистаны асуудлын бүх тал биш, гол цөм тал ч биш, үүсээд байгаа асуудлуудын эх үүсвэр нь бүр ч биш юм.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тайланд онцлон тэмдэглэсэнчлэн, одоогийн байдлаар 23.7 сая афганичууд хүмүүнлэгийн тусламж яаралтай авах шаардлагатай байгаа бөгөөд 12.4 сая хүн ноцтой өлсгөлөнд нэрвэгдээд байна. Олон улсын хамтын нийгэмлэг Афганистанд тулгараад байгаа хамгийн тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулж, Афганистаны сэргээн босголт, хөгжлийг ахиулж, Афганистаны ард түмний аж амьдралыг өөд нь татаж, улмаар тэндэх хүний эрхийг жинхэнэ ёсоор хамгаалах ёстой. Түүнчлэн хүндэтгэлтэй, голч шударга аргаар Афганистаны эрх баригчид охид эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах ажлаа сайжруулахыг нь дэмжиж чиглүүлэх ёстой гэжээ.