 2005 оны 6-р сард доктор, дэд профессор Чэнь Ган-лүн эрдэм шинжилгээний илтгэл хийж байгаа нь
|
Доктор, дэд профессор Чэнь Ган-лүн: Бээжин Их Сургуулийн Монгол Судлалын Төв 2005 онд "Монгол утга зохиол болон харьцуулсан утга зохиол" гэсэн эрдэм шинжилгээний бага хурал хийсэн юм. Энэ хурал дээр бид голцуу монгол утга зохиол судалж байгаа монголч эрдэмтэд болон дорно дахины утга зохиол судалж байгаа хятад эрдэмтдийг урьж, монгол утга зохиол судлал болон харьцуулсан утга зохиол судлалын талаар өргөн хүрээнд санал бодлоо солилцсон байна. Үүний дүнд орчмын 1 жилд Өвөр Монголд монгол уран зохиолыг харьцуулсан судлалын үүднээс судалж, монгол уран судлах хүрээгээ өргөтгөх талаар эрдэмтэд анхаарал тавьж эхэлсэн байна. Монгол уран зохиолын судлал маш их гүнзгийрч байна, Хятад улсын 56 үндэстний дотор, Хан үндэстний уран зохиолын судлал бол олон зуун мянган жилийн түүхтэй мөртөө судалгаа шинжилгээний ажил нь ч маш эрчтэй явагдаж асар их амжилтанд хүрсэн. Үндэстний цөөнхийн хувьд эрдэмтэд бүр өөр өөрийн үндэстнийхээ уран зохиолоо судалсан байдалтай, түүний дотор, манай монгол уран зохиолын судлал хамгийн сайн судлагдаж байна гэж би хувьдаа үзэж байна. Яагаад гэвэл бид 4 боть "Монгол уран зохиолын түүх"-ээс эхлүүлээд олон арвин бүтээл бичиж хэвлүүлсэн. Гэтэл үүний хажуугаар монгол уран зохиолын түүх судлал, орчин үеийн уран зохиол судлалын аль алинд нь ч гэсэн, нэг юмаар дутаад байна гэж бодогддог. Тэр нь юу вэ гэвэл бидэнд харьцуулсан утга зохиолын арга зүй, харьцуулсан утга зохиолын хараа дутагдаж байгаа явдал юм. Бид монгол утга зохиолоо судлахдаа "битүү ханатай гэрт хориж байгаад судлах" аргаар, өрөөр хэлбэл монгол утга зохиолын л хүрээнд хориж байгаад судалж байна. Энэ нь зохисгүй юм. Яагаад вэ гэхэд 13-р зуунаас эхлээд манай монголчууд өрнө дорныг холбож, дэлхийн даяаршлын хувьд доргиулж явсан түүхтэй үндэстэн юм. Эртний монголчууд дэлхийн олон улс үндэстэнтэй найрсагаар ч харилцаж, найрамдлаар ч харилцаж, соёлоор ч харилцаж явсан. Иймээс түүний уран зохиол нь зөвхөн "хувиа хөөж хулаа унасан" тийм уран зохиол биш харин дэлхийн өрнө дорнын олон улс үндэстний уран зохиолын шимийг шингээж авсан байдаг. Ийм болохоор, монгол уран зохиолыг судлахад монгол үндэстнийхээ утга зохиолын хүрээ хэмжээнд л хориж судалаад байж болохгүй харин эргэн тойрны улс үндэстэнтэй холбож харьцуулж судлах нь маш чухал юм. Энэ бол зөвхөн уран зохиолд төдий биш чухам монгол соёлынг яаж ойлгоно вэ гэдэгт холбогдох асуудал юм. Иймээс бид энэ хурлаар дамжуулаад, монгол утга зохиолыг харьцуулсан судлалын үүднээс судлах явдалд хүмүсийн анхаарлыг хандуулж, уг ажлыг цаашид хөгжүүлье гэсэн юм.
1 2 3 4 5
|