Уулны замаар алхахад сүглэрэн ургасан өндөр наст моддын навчис нь гүн ногоон, хөх ногоон, шар ногоон өнгөөр ялгарч, улирлын хувирал, газрын байрлал, нарны тусалтаас болоод, улам бүр гоо хээнцэр харагдана. Түүний үзэсгэлэнтэй гоо байдгийг бид энэ уулын нэрээс нь ч мэдэрч болох юм. Холбогдох ном бичигт тэмдэглэснээр, Э Мэй гэдэг үг нь эмэгтэй хүний хөмсөг гэсэн үг юм байна. Энэ зүйрлэл яахын аргагүй амьд дүрслэл болсон юм.
Э Мэйшань уулны давтагдашгүй онцлог байдал нь буддын шашны соёлтой нягт уялдаа холбоотой байдаг нь үнэн. Аль эрт манай тооллын нэгдүгээр зууны үед Энэтхэг гаралтай буддын шашин Э Мэйд нэвтрэн орж ирсэн бөгөөд, Хятадын хамгийн анхны буддын шашны сүм хийд энэ ууланд байгуулагдсан аж. Энэ сүм хийдийн эргэн тойронд бусад олон сүм дуган байгуулагдахын хэрээр, Э Мэйшань нь улмаар Хятадын буддын шашны чухал газрын нэг нь болж хөгжөөд, мөргөлчин сүсэгтэн улам олон болж байна.
Э Мэйшаньд Пү шянь бурхныг тахиж байдаг. Пү Шянь бурхныг замбуулингийн түмэн бурхдын ууган хөвгүүн гэдэг, бурхантай сүм л болгонд Пү Шянь бурхан байдаг. Одоогийн байдлаар Э Мэйшань ууланд 300-аад лам хуврага байж, сүм хийд нь нийтдээ 30 орчим байна.
Эрхэм анд нөхөд өө, Э Мэйшань ууланд аялж байхад нэг мэдэхэд нэг сүмд хийдэд хүрээд ирчихсэн л байна, энэ сүм хийдийн нас жил нь уултайгаа адил урт юм гэнээ. Тэр мөртөө өнө эртний бөгөөд нууц далд хүчинтэй мэт санагдуулах нь улам бүр сонирхолтой байдаг аж. Сүмийн хурал хурах үеэр хүжийн утаа тунаран, дарцаг далбаа намиран лаа зул асан гэрэлтэж, энэ бүхэн нь хүний сэтгэлийг яахын аргагүй тайвшруулдаг билээ.
1 2 3 4 5
|