Энэ майдар бурхныг бүтэн уулан дээр сийлж бүтээсэн байна. Лэ шаний энэ бурхны биеийн өндөр нь 70 гаруй метр, мөрөөрөө 20 гаруй метр өргөн, толгой нь уултайгаа чацуу байж, хоёр хөл нь гол мөрөнд тулгуурлан тогтжээ, тэрээр хоёр гараа өвдөг дээрээ тавьж, амарлангуй тайвуу хичээнгүй байдалтай зогсоно. Зарим хүн энэ бурхныг "уулт бурхан, бурхант уул" гэж нэрлэсэн байдаг. Тэгвэл юуны учир ийм том бурхныг сийлж байгуулсан юм бол? Хэн энэ бурхныг барьж байгуулсан юм бол? Үүний тухай нэг сайхан үлгэр домог байдгийг замчлагч эмэгтэй Ү Липингээс сонссон.Тэрээр танилцуулж хэлэхдээ, Лэ шаний энэ том бурхны хөргийг Тан улсын үед буюу манай тооллын 700 гаруй жилийн тэртээ байгуулсан байна. Хамгийн анх энэ бурхны хөргийг тухайн үед Сычуаньд бадар хийж ирсэн Хай түн гэдэг лам эхэлж байгуулсан байна. Тухайн үед Лэ шань уул нь гурван мөрний уулзварт оршдог бөгөөд, усан онгоц живэх хэрэг байнга гардаг болохоор энэ бурхныг барьж гай тотгорыг зайлуулах гэсэн байжээ. Тэрээр Хятадын олон нутгуудаар бадар хийж явсан гэнэ. Гэвч түүнийг харьж ирэхлээр нь орон нутгийн нэг ховдог түшмэл тонон булаажээ. Хай түн маш ихээр хилэгнэж, " хараагүй болсон ч яамай, буяны мөнгө эрхмээс эрхэм юм" гээд өөрийн нүдээ ухаж хаясанд түүнийг тонодог хүмүүс айн зугтаадаг болсон юм гэжээ.
Харамсалтай нь Майдар бурхны толгойн хөргийг сийлж бүтээсний дараахан Хай түн гуай таалал төгссөн юм байна. Тэр цагаас хойш хоёр үеийн хүний чармайлтаар 90 гаруй жилийн цаг хугацааг өнгөрүүлээд Лэ шаний том бурхны хөргийг бүрмөсөн барьж байгуулж дууссан байна. Өнөөдөр бид алс холоос Лэ шаний том бурхныг харахад, тухайн үеийн урчуудын авьяас чадварыг шагшин бишрэхгүй байхын аргагүй. Тэр мөртөө хүмүүс Хай түн ламын амь биеэ зориулан уулан дээр бурхан сийлсэн сүсэг зоригийг нь ч бишрэхгүй байхын аргагүй. Яг ийм л болохоор маш олон сүсэгтнүүд энд хүрэлцэн ирж мөргөл хийж байгаа юм. Хятадын баруун нутгийн Хөхнуур мужийн Дүн налачин сүмийн гэгээн Норов Ринпочэ бол тэд нарын нэг юм. Тэрээр хэлэхдээ, буддын шашны сүсэгтнүүд энд ирж, өнө удаан түүхтэй агуу их бурхны гэгээн дүртэй бараалхах нь үнэхээр сэтгэл ариусгаж ухаарал өгөх юм гэжээ.
Эрхэм сонсогчид оо, та буддын шашныг шүтдэг шүтдэггүй байсан ч тэр, хэрэв завшаан тохиовол Э Мэйшань уул болон Лэ шань уулын өнө эртний түүхтэй буддын соёл, гайхамшигтай сайхан байгалийн өнгө үзэмжийг бие сэтгэлээрээ мэдрээрэй.
ХОУР болон Сычуань мужийн аялал жуулчлалын газраас хамтран зохион явуулж буй "Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" асуулт хариултын уралдаанд холбогдсон "Э Мэйшань уул, Лэ шань уулаар аялсан тэмдэглэл" гэсэн гуравдугаар цуврал мэдээллийг танд танилцууллаа. Би хоёр асуултыг давтаж тавъя . Асуултын тавдугаар сэдэв: Э Мэйшань нь Хятадын буддын шашны ариун дархан газрын нэг мөн эсэх Асуултын зургаадугаар сэдэв: Лэ шань уулын бурхны хөрөг нь дэлхийн хамгийн том бурхны хөрөг мөн эсэх Энэ уралдаанд та амжилттай оролцохыг Монгол хэлний редакцийн хамт олон чин сэтгэлээсээ урьж байна. \Номин орчуулж, Цэцэн хянав\ 1 2 3 4 5
|