Уулны оройд байгаа Алтан дээвэр буюу Жинь динг Э Мэйшань уулын охь содон зүйл гэж хэлэхэд ерөөс илүүдэхгүй. Алтан ганжиртай гурван том хийдээс гадна, дөрвөн талдаа Пү Шяний хөргийг сийлсэн 48 метр өндөр, арван талтай, алтаар угаасан бурхны хөрөг хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг байна. Замчлагч эмэгтэй Ян тао сурвалжлагчид танилцуулан хэлэхдээ, энэ Пү Шянь бурхан гартаа чандмань эрхи атгаж, толгойдоо алтан титэм зүүж, төв эрхэмсэг байдалтайгаар зургаан заан хөлөглөн саатжээ. Дөрвөн хөрөг нь дөрвөн төрхтөй байж, хүний орчлонгийн баяр баясал, уур хилэн, гуниг зовлон, жаргал цэнгэлийг төлөөлж, арван тал нь буддын шашны арван зовхисыг төлөөлсөн юм гэнээ. Энэ нь Хятадад байдаг цорын ганц Пү Шянь бурхны хөрөг. Аль талаас нь харсан ч Пү Шянь бурхны зүсийг бүхэл бүтнээр нь олж хардаг нь хамгийн гол онцлог болсон юм байна. Пү шянь бурхан өндөр дээрээс доошоо харж, түмэн олондоо ерөөл буян хайрладаг юм гэжээ.
Ли Гэньюань нь буддын шашны сүсэгтний нэг. Тэрээр Пү Шянь бурханд мөргөхөөр өмнөд Солонгосоос Э Мэйшань ууланд зориуд хүрэлцэн ирсэн аж. Тэрээр сурвалжлагчид хандан хэлэхдээ, би Э Мэйшаньд ирээд л ийм том бурхны хөргийг анх удаагаа харлаа, Хятад улс үнэхээр мундаг улс орон гэдгийг би сэтгэлээрээ мэдэрсэн юм. Арван талтай бурханд би 10 мөргөсөн, гурван том хийдэд нь 3 мөргөлөө, бас хандив өргөсөн, их биш ч гэсэн миний сэтгэлийг төлөөлж байна шүү дээ гэжээ.
Алтан дээвэрт мөргөл үйлдэхээс гадна, өглөө эрт нар мандахыг харахад маш гоё байдаг. Алтан дээвэр дээрээс харахад, нар тэнгэрийн хаяанаас мандах тэрхэн хоромд, уул хайрхан бүхнээрээ шаргал өнгөөр гэрэлтэж, үзэсгэлэнтэй сайхан харагдана. Нар мандахын хэрээр манан будан татарч, бөөн бөөн цагаан үүл уулны хормойд эвхрэлдэн нүүдэллэж, тэнгэрийн хаяатай нийлээд хөвөө хязгааргүй уудам их далай тэнгис шиг сүртэй харагдана.
Аз тохиовол та энэ сайхан өнгө үзэмжээс сонирхож болох юм, энэ үзэмжийг хүмүүс бас номын гэрэл гэдэг. Үнэндээ тэр нь физикийн үзэгдэл юм л даа. Нар, газрын байрлал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан энэ долоон өнгийн цагариг нь хүний биен дээр тусвал хөдөлгөөнийг нь даган явдаг нь маш хачирхалтай сонин юм билээ. Та хэрэв сонирхолтой бол Э Мэйшань ууланд ирвэл энэ бүхнээс үзэн танилцаарай.
1 2 3 4 5
|