Бабаошан – найман эрдэнийн уул гэж орчуулагдах энэ үгээр Бээжин хотын баруун 4,5 дугаар тойргийн хооронд байрлах дүүрэг нэрлэгдэнэ. Хэлэхэд хөгжилтэй ч юм шиг, цээжинд амархан буух энэ үг миний хамгийн эхэлж цээжилсэн үг л дээ. Ийм нэртэй дүүрэгт амьдрах болсон болоод тэр. Бээжингийн метро баруун зүүн гэсэн гол замтай. Баруун замын буудлуудын нэрс дотроос энэ нэр түвэггүй олдох болохоор Бабаошанд ирэхэд ядах юмгүй. Тэгээд метроны аль ч хаалгаар гарч ирсэн өндөр биш Бабаошан уул харагдана. Энэ уул хөрс шороондоо найман эрдэнэ агуулсан уул гэх юм билээ. Уул харагдаад ирэхээрээ хотын захдуу дүүрэг гэдэг нь ойлгомжтой. Тиймээс Бээжин хотын онцлог гэмээр шинэ, хуучны хослол энд алхам бүрт мэдрэгдэнэ. Орчин үеийн шийдэл бүхий шил толин барилгатай үргэлжилсэн шавар тагзнууд хаяа нийлэх нь энүүхэнд. Шинэ загварын хувцастай өндөр гоолиг залуустай зэрэгцэн хуучин хар шаахай, хар хөх хүрмээр ижилссэн хөгшид алхана.
1 2 3 4 5 6 7 8
|