Бабаошанд би амьдарч дасчээ. Сүр бараа багатай ч даруухан энэ уул амьдрал туулж нуруу нь бөгтийсөн настныг санагдуулам. Хөрс шороон дээр нь хүний хөл хүрч өнгөрөөгүй газаргүй шиг. Тал талаас нь гаргасан хичнээн арван жим замтай. Зарим газрынх нь хөрс мөлийгөөд хатчихсан байх нь үзэж туулсан амьдралынх нь түүхийг илтгэнэ. Хатаж дагтаршсан олон арван зам жимтэй зэрэгцэн уулын дугуйнд зориулагдсан орчин үеийн засмал зам дурайна. Энэ замаар 2004 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэрээ уулын дугуйгаар зугаалж дугуйн соёлын өлгий нутгийн ард түмэнд хүндэтгэлээ илэрхийлсэн гэдэг. Бабаошан уулын амьдрал үүгээр бас дуусахгүй ээ. Хятад хүмүүс энэ нэрийг сонсвол нас барагсдын хойдхын ёс үйлддэг газар гэдгээр нь андахгүй. Бээжин хотын томоохон оршуулгын газруудын нэг энд байрладгийг дагалдан оршуулгын ёслол зохион байгуулдаг, мөн энэ чиглэлийн бараа бүтээгдхүүн борлуулдаг газрууд олон бий. Өвлийн нар мандсанаас хойшхи 105 дахь өдөр тэмдэглэдэг Чин минь-ний өдрөөр энд хүмүүс цуглаж нас барагсдынхаа хөшөөг эргэн орчныг нь цэвэрлэн өргөл өргөдөг юм билээ. Бас засмал замынх нь хажуугаар лангуунууд ажиллаж Чинминь-н ёслолд зориулан цаасаар урласан хувцас эдлэлээс авахуулаад мөнгө төгрөг, машин тэрэг, цэцэг худалдана. Ийм цаасан эдлэлүүдийг Чинминь-ний өдрөөр шатааж нас барагсаддаа илгээдэг юм байна.
1 2 3 4 5 6 7 8
|