
Хятад улсын дарга Хү Жиньтао 26-ны өдөр Торонтод Английн ерөнхий сайд Давид Камеронтой уулзав. Хоёр тал хоёр орны харилцаа, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын тал Англи улсыг олон улсын хамтын ажиллагааны чухал түншээр үзэж, хоёр тал харилцаа солилцооны нэлээд бүрэн төгөлдөр механизм тогтоосноор хоёр орны дээд давхаргын харилцаа нягт болж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрсэн байна. Хятад Английн харилцааны энэ сайн сайхан байдал хялбархан ирсэн биш тул хоёр талаараа нандигнах ёстой гэжээ.

Камерон хэлэхдээ, Англи Хятад улстай байх харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Англи Хятадын хоёр талын харилцааг цаашид дээшлүүлж, хоёр орны дээд давхаргын харилцааг эрчимжүүлж, эдийн засгийн түншлэлийн харилцааг ахиулан стратегийн яриа хэлцлийг эрчимжүүлэхэд бэлэн байна. Эдийн засаг худалдааны харилцаа бол хоёр орны харилцааны чухал салбар мөн. Англи чөлөөт худалдааг баримталж, худалдааны ивээх үзлийг эсэргүүцнэ. Хоёр тал нөөц хүчээ цаашид дайчилж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөтгөхийг хүсэж байна. Боловсролын харилцаа холбоо нь ч хоёр талын хамтын ажиллагааны чухал салбар мөн. Хоёр талын хамтын чармайлтаар боловсролын хамтын ажиллагаанд нэн олон ахиц гаргахыг хүсэж байна. Харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар Хятад улстай яриа хэлэлцээ хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Английн тал бэлэн байна гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\