
Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О.Дарамбазар саяхан Хөх-хот орж, Хятад улс дахь Монгол гүн ухааны судлал болон Хятад Монгол хоёр орны эрдэмтдийн энэ салбар дахь эрдэм шинжилгээний солилцоо, хамтын ажиллагааны асуудлаар профессор Т. Эрдэнэ-тогтохыг сурвалжилсан юм.
Сурвалжлагч: Монгол үндэстний гүн ухаан судлалын ажлыг олон жил хийж ирсэн эрдэмтний хувьд, Монгол үндэстний гүн ухааны судлалын чиглэлээр сүүлийн жилүүдэд ямар ямар шинэ шинэ зохиол бүтээлүүдийг бичиж хэвлүүлсэн бэ?
Профессор Т. Эрдэнэ-тогтох: Би 80-аад оны дунд үеэс Монгол үндэстний гүн ухааны судалгааны талаар сонирхон оролдож эхэлсэн юм. Энэ 20 гаруйн хугацаанд Монгол үндэстний гүн ухаан, соёл иргэншил, сэтгэхүйн арга хэлбэр зэргийг уялдуулж судлах талд анхаарлаа тавьж ирсэн. 1999 онд "Монгол соёлын дэлгэр хараа" гэсэн ном хэвлүүлж, монгол соёлын талаар дотоод гадаадын эрдмтэн мэргэдийн анхаарч байгаа онцлог зүйл, тэдний ном бүтээл, үзэлт саналыг товчлон танилцуулснаас эхлээд, өөрөө судалгааны тусгай ном бүтээл бичин хэвлүүлсэн юм. Уг ном хэвлэгдсэний дараа, эрдэм шинжилгээий салбарынхны сайн үнэлгээг хүлээж, монгол соёлын судалгааны ажилд ихээхэн тус нэмэр боллоо гэсэн үнэлгээ хүртсэн байна. Энэ нь монгол соёлын судалгааны үндсэн дээр Монгол үндэстний гүн ухааны талаар судлан шинжлэхдээ үндэс суурь тавихыг хичээсэн зорилготой билээ. 2000 он гарснаас хойш би бусад багш нартай хамтран судалгааны тусгай бүтээлүүдийг бичсэн юм. Үүний хамгийн эхний бүтээлийн хувиар, Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Гүн ухааны хүрээлэнгийн Сүхээ профессортой хамтран "Монгол үндэстний гүн ухааны үзэл санааны түүх" хэмээх номыг хятадаар бичснийг Ляо-нин үндэстний хэвлэлийн газар хэвлэсэн.
1 2 3 4 5 6 7
|