Сурвалжлагч: Энэ ном чинь аль онд гарсан бэ?
Профессор Т. Эрдэнэ-тогтох: Энэ ном 2002 онд анх хятадаар хэвлэгдэж, 2004 онд монголоор хэвлэгдсэн. Энэ бол "Хятад улсын монгол судлалын хөмрөг" төсөлд орсон ном байгаа юм.
Сурвалжлагч: Үүний дараагаар бас ямар ямар өгүүлэл зохиол бичиж хэвлүүлсэн бэ?
Профессор Т. Эрдэнэ-тогтох: Дээр дурдсан хоёр номыг хэвлүүлснийхээ дараа, би эрдэм шинжилгээний ажлынхаа гол чиглэлийг Монгол үндэстний онолын сэгтэхүй, дүрслэг сэтгэхүй, бие цогцот сэтгэхүйн хөгжсөн байдлыг монголчуудын соёл, гүн ухаан, сэтгэхүйн хүрээнд уялдуулан судалж шинжлэх ажил хийж 3 тусгай ном бичиж хэвлүүлсэн юм.
Сурвалжлагч: Сэтгэхүйн арга хэлбэрийн талаас нь Монгол үндэстний гүн ухааныг судалсан юм байна даа.
Профессор Т. Эрдэнэ-тогтох: Тийм.
Сурвалжлагч: Таны судалгаа шинжилгээний ажил, зохиол бүтээлийг Монгол улсын эрдэмтдийн хийсэн ажил, бичсэн бүтээлүүдтэй харьцуулбал өөр өөрийн ямар онцлог талуудтай гэж үзэж байгаа вэ?
Профессор Т. Эрдэнэ-тогтох: Монгол улсын эрдэмтэд Монгол үндэстний гүн ухааны хөгжлийн түүхийн талаар маш сайн судалж эрдэм шинжилгээий маш их үнэ өртөгтэй хэд хэдэн тусгай ном бүтээл хэвлүүлсэн. Жишээлбэл Зүгдэр багш Монгол үндэстний гүн ухааны түүхийг шатчилсан хэлбэрээр судалж тусгай ном бичснийг нь Өвөр Монголд хуучин бичигт буулгаж хэвлүүлээд байна. Түүний дараагаар, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Гүн ухааны хүрээлэнгээс бас монгол гүн ухааны түүхийн тухай 4, 5 тусгай ном хэвлүүлсэн юм. Буддын шашны гүн ухаан ба учир шалтгааны гүн ухааны хүрээнд Монгол Улсын эрдэмтэд өргөн хэмжээг хамарсан, гүн нарийн судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн, энэ талаар тэд Өвөр Монголын эрдэмтдээс давамгайлж байна гэж би үздэг. Өвөр Монголын эрдэмтэд сүүлийн жилүүдэд Монгол үндэстний гүн ухааны түүх судлалын 4, 5 ном хэвлүүлж, өөрийнхөө онолын тогтолцоо, системийг бүрдүүлэх талаар нэлээд гүнзгийрүүлсэн судалгаа хийсэн байна. Гэхдээ Монгол үндэстний уламжлалт сэтгэхүйн арга хэлбэрийн талаар судалж шинжилсэн тусгай зохиол бүтээл Монгол улсад гараагүй байна. Иймээс энэ салбарт миний хийсэн судалгаа шинжилгээний ажил маань нэлээд онцлог зүйл болов уу гэж үзэж байгаа юм. Тухайлбал "Монгол үндэстний уламжлалт дүрслэг сэтгэхүй", "Монгол үндэстний уламжлалт онолын сэтгэхүй", "Монгол үндэстний уламжлалт бие цогцот сэтгэхүй" зэрэг 3 номоороо дамжуулж, Монгол үндэстний оуюны сэтгэхүй хир хөгжсөн, түүний дотор дүрслэг сэтгэхүй хир зэрэг хөгжсөн, бие цогцот сэтгэхүйн чанар ямар байсан зэргийг нь системчилсэн хэлбэрээр судалж шинжилсэн юм.
Сурвалжлагч: Энэ 3 тусгай бүтээлээс гадна, та бас эрдэм шинжилгээний сэтгүүлүүд дээр их олон өгүүлэл нийтэлсэн, түүндээ Монгол улсын эрдэмтэн судлаачдын ном зохиолоос ашигласан зүйлүүд байгаа уу?
Профессор Т. Эрдэнэ-тогтох: Монгол Улсын эрдэмтдийн бүтээлээс голцуу материалын талаар би түлхүү ашигласан юм. Тухайлбал Монгол улсын эрдэмтдийн бичсэн аман зохиол, зан үйл зэргийг хамарсан бүтээлүүдийг Өвөр Монголд хуучин үсэгт буулгаж хэвлүүлснийг нь судалгаа шинжилгээнийхээ баримт хэрэглэгдэхүүн болгон ашигласан. Үүүнээс гадна, судалгааны бүтээлийн талаар, жишээлбэл Хавхаа багшийн бичсэн "Соёл иргэншлийн гүн ухаан" хэмээх номын тухай өөрийн зохиолдоо шүүмж бичиж танилцуулсан юм.
1 2 3 4 5 6 7
|