Шөнийн бүрэнхийд Чонотын овоо эгээ л их жанжны дуулга шиг сүртэй харагдана. Тэнгэр дүүрэн түгсэн одод наранд гялбах нарны хэлтэрхий гэмээр хүйтэн гэрэл цацруулна. Сэрүүн салхи үе үе сэвэлзэж хааяа нэрийг нь үл мэдэх шувуудын дуунаас өөр анир алга. Галсан ау ау гэж улив. Түүний дуу шөнийн амгалан тэнгэрийг зүсэн уулсын хяр дамжин цуурайтаж холдсоор тасарч орчин тойрон дахин нам гүм. Галсан Чонотын овоо өөд нухацтай ширтсэн хэвээрээ. Сайн сургасан саарал морь чихээ сортолзуулан ойр хавиа сэрэмжтэй харна. Гэнэт ау ау гэх дэлт чонын улилт шөнийн нам тайванг эвдэв. Чонотын овооны оройд хөх гэрэл бадран гэрэлтлээ. Тэр гэрлийн цаана урагш хандан цогнойн суусан том чонын бараа сүүдэгнэнэ. Тэгж байтал үй түмэн агтын төвөргөөнд газар дэлхий дйавалзан цөмрөх шиг, тахир сэлмийн хангинах дуу ч шиг, салхи зүсэх дуу ч хангинах шиг. Олон эрчүүд дөрөөгөө давиран уухай хашгиран дайрах ч шиг болж ирэв. Саарал морь чихээ сэртийлгэн юунаас ч юм үргэх шиг болж таг таг чичирхийлэхэд ганзага дөрөө харшин хангинан дуугарч байлаа. Сахиус шүтээн минь чулуунд тамгалагдсан тэр мөр миний зүрхэн дээр сийлээтэй шүү гэж Галсан амандаа нам үглээд мориндоо гялсхийн мордож ташуураар дөрөөгөө тогшин тэрхүү дуун гарсан зүгт морины жолоо заллаа. Нилээд байзнасны дараа хад үйрэх мэт нүсэр дуун гарсанаа аажмаар замхрав. Жаргах нарны цацсан улбар туяанд Дүнгэнэхийн хайрханы орой шижир өнгөөр булагдсан байлаа.
Хааяа сэвэлзэх сэрүүн салхинд өвсний толгой найган навч ногооны соргог үнэр ханхийн сэрүү татаж Төмрөөгийн сэтгэл нэг л хангалуун таатай. Түг түмний минь сүжиг бүхий Чонотын овоо өнөө л янзандаа сүглийнэ. Чонотын овоог харах тутам цагаан сахалтай хатингар хар өвгөн гаанстай тамхиа шуналтайхан сорж гүн бодлогшрон өмнө нь зогсож буй шиг санагдана.
1 2 3 4 5 6 7
|