• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-18 18:07:40    
Чонын нулимс

Цахиур Төмөр


Хятадын Олон Улсын Радио

     "Тэр жил нэг удаа авд явж ирээд дахин ав хийхээ болъё. Тэнгэр бурханд амлаж тангараглая. Бурхан тэнгэр өршөө гээд буугаа эвдэж хаясан юм. Түүнээс хойш зан ааш нь ч өөрчлөгдсөн" гэж Галсангийн хүү Жаргал ярив.

     Намар нь сургууль цуглаад хэд хонож байтал Галсан өвгөн Төмөрөөд утас ирүүлэв. Утсаар анх удаа ярьж байгаа бололтой сандчин "...Хүүгээ, өвөө нь нөгөөдөр Бээжинд хүрнэ. Тосоод аваа..." гэчихээд хариу хэлэхийн завдалгүй тасалчихав. Нас ахисны дээр хошууныхаа хилийг ч бараг давж үзээгүй хүн газрын холоос Бээжин зорино гэдэг амаргүй. Чухам ямар хэргээр юм болдоо гэж Төмөрөө ихэд гайхлаа. Гэтэл Галсан өвгөн "өвөө нь гагц дэлт чоныг л үзэх гэж хүүхдүүддээ ч дуулгалгүй ирлээ. Явж үзээгүй энэ хотод хэл ус ч авалцахгүй цөхрөнгөө барлаа" гэх үг нь Төмрөөг ихэд цочоов. Тийм холоос чоно үзэхийн төлөө ирнэ гэдэг нас ахиад ухаан бүүдийснийх үү, эсвэл насаараа чонын анчин байснаас ангийн хий суугаа юу гэж Төмрөө гайхашран бодонгоо улаан сараана цэцгийг тасдан авч ишийг нь имрэхэд сараана цэцэг салхинд хүрд лугаа эргэлдэж байлаа.

     -Өвөөгийн хэлдэг дэлт чоно гэж энэ үү гэхэд өвгөн:

     -Үүнээс хавьгүй том байсиймаа. Уул нь манай нутагт олон байсаан. Одоо харин оргүй болж. Цагийн өнгийг юу гэх вэ гэж өөртөө гэмээр үглэв.
Галсан өвгөн савхин гутлынхаа түрийнээс гаансаа гаргаж тамхи нэрээд утаа савсуулан сороход хажууд нь байсан хэдэн зугаацагч тамхины утаанд дургүйцэн холдоцгоов.

     -Энэ дэлт чоныг Дүнгэнэхийн Хайрхандаа тавибал даа. Болдог бол би оронд нь энд үхтлээ хэвтсэн ч гомдолгүй. Гэтэл над шиг хамшгар хар өвгөнийг хэн сонирхох аж дээ гэж хэлээд гачигдсан байдалтай дуугаа хураав. Гэвч хэлсэндээ бол эзэн шүү гэх тайван бөгөөд тасархай омог тодорч байлаа. "Чоно малын эрлэг, Галсан чонын эрлэг" гэж олонд алдаршиж явсан анч хүн цаг нь ирэхэд чоныг бууны амаар биш өрөвдлийн харцаар шагайж суудаг гэж Төмрөө бодож байтал Галсан өвгөн гаансаа түрийлээд "Хүүгээ, тэр жил өвөө нь хэдэн хүнтэй Дүнгэнэхийн хайрханд чонын авд явсан юм гэж урт яриагаа эхлэв.

1 2 3 4 5 6 7