• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-18 18:07:40    
Чонын нулимс

Цахиур Төмөр


Хятадын Олон Улсын Радио

     Өндгөн чулуу дэвсэж гаргасан амьтны хүрээлэнгийн муруй зөрөг замаар нуруугаа үүрч хөлөө түргэн түргэн солбицуулан майжигнан алхах Галсан өвгөний ноднин намрын тэрхүү байдал кино зураг лугаа Төмрөөгийн санаанд амилан тодров. Энэ сараалжин дотрох нь европынх, тэр сараалжин дахь нь африкийн чоно гэхчлэн ярьж байтал Галсан өвгөн тэр бүхнийг сонссон янзгүй харин эртээс болзоотой юм шиг монголын өндөрлөгийн чонын сараалжны дэргэд хэдийнээ хүрчихсэн шинжин зогсох нь тэр. Чоно сүүлээ салтаандаа хавчуулж цээжээ өргөсхийн хэвтэнэ. Зовхи нь унжиж нуухтаад өр өвдөм харагдаж байлаа. Үс нь бүрзийж шавар балчигтай хутгалдаад энд тэнд нь өвсөн сүрэл наалдаж, өмнө хөлийн нь шилбэ халцарчээ. "Миний буудсан тэр дэлт чоноос ч дахин бага юмаа. Гэвч бурхан өршөө, тэр буун дуу анч хүний хийдлээс давсан шүү" гэж Галсан өвгөн шаналангуй хэллээ. Төмрөө Галсан өвгөний дэргэд хүрч "Өвөө энэ чинь миний нөгөө хэлж байсан чоно шүү дээ. Та тайлбарыг нь харалгүй таньж байна гээч. Анчин хүн ч аргагүй гярхай юмаа" гэхэд Галсан өвгөн "анчин ч гэж дээ, нутгийнхаа чоныг бол нүдээр биш сэтгэлээрээ танилгүй дээ. Хөөрхийс дөө, уул тайгаар шидсэн чулуу шиг цахилан гүйдэг амьтан. Ингэж ч төрхөө алдан түмний нүд баясгах үзмэр төдий болчих гэж дээ, даанч хайран. Энэ пайзан дээр нь юу бичиж вэ" хэмээн тайван дуугаар ярьж байвч хоолой нь үл мэдэг чичирхийлж байлаа. "Монголын өндөрлөгийн чоно. Монголын өндөрлөг, өргөн уудам нутгаар тархан амьдардаг. Өвөлдөө олноороо сүрэглэж зундаа цөөнөөр сүрэглэнэ. Сэрэл хурц, хурдан шаламгай бөгөөд хэрцгий догшин, хатуу бэрхэд тэсвэртэй. Монгол үндэстэн эрт цагт тотем шүтээнээ болгож байжээ. Ховордож, улсын хамгаалалтанд орсон амьтан" гэж Төмрөө товч тайллыг монголчилж өгөв. Галсан өвгөн хариу өчилгүй чоныг мэлрэн ширтэж байснаа уртхан гэгч санаа алдлаа. Энэ үед нэг зугаацаж явсан хүн хатаасан үхрийн мах мөнөөх чононд шидэж өгөхөд яг сайхан чонын хөл дор таарчээ. Чоно босч дөрвөн хөлөө жийлгэн хэд суниаснаа биеэ шилгээн хатаасан махыг ховдоглон үмхэв. Тэгээд нөгөөх зугаацагч өөд дахин юм горилон оцойн суув. Үүнийг харсан Галсан өвгөн "чоно хэзээ хүний өгсөн юмыг нүдний нь өмнө идэж байлаа даа. Дэлт чоно гэдэг чинь хичнээн өлсөж байсан ч өөрийн барьсан амьтнаа идэхээс бусдын барьсан сэгийг иддэггүй шүү. Ай даа" хэмээн үглэв.

1 2 3 4 5 6 7