Дүнгэнэхийн хайрханы чонын нүх хаа байхыг Галсан андахгүй тул мухар эрэлд хатсангүй хэдэн нүх шуудхан олж нэгжив. Гэвч бэлтрэг бас олдсонгүй. Тэгж явсаар нар жаргахын алдад 1 бэлтрэг суйлав. Сээр хүзүүндээ шингэвтэр дэлтэй том бэлтрэг хараад нүдэндээ итгэж ядлаа. Галсан хичнээн жил бэлтрэг суйлахдаа ийм томыг үзэж өнгөрсөнгүй. Жан овогт олзондоо баярлан нөгөө бэлтрэгийг чанд гэгч шуудайлж авлаа.
-За та 2 урьтаж буц даа. Би тэр чоныг олчих шиг байна гэж Галсан хэлээд морины жолоо эргүүлэв. Өвгөн энэ хүртэл яриад гутлынхаа түрийнээс гаансаа гарган тамхи нэрэв. Тэгээд хэсэг байзнаснаа "...шөнө болж ........бурхан гончигсүм минь..." гэж алгаа нийлүүлэн залбирахдаа бие нь чичирхийлж байлаа.
-Тэрээд гэж Төмрөөг шавдуулахад:
- ...тэр чинь дэлт чоно ч биш харин.....бурхан тэнгэр өршөө.... гээд Галсан дахин юм ярьсангүй. Нилээн удаж байж Галсангийн сэтгэл тогтлоо. Тэгээд хоригдол чоныг зөөлөн нүдээр ширтэж "хөөрхий энэ чоныг Дүнгэнэхийн хайрхандаа тавьсан болдоо" гэж хоригдсоор уулын төрхөө алдаж байгаа чонын хувь тавиланг өөрчлөх санаа байвч унаа хүрэхгүйдээ харамссан дор дуугаар өгүүлэв. Явахын цагт Галсан чонын сараалжинд ойртон ау ау гэж улилаа. Чоно чихээ хулмайлган байснаа хүрээгээ тойрон гасалсаар шогшин гүйв. Сараалжин дотрох овор товор хиймэл өвстэй шар хөрсөн дээр сарвууны мөр гарчээ. Хоригдол заяанаас мултарч эрх чөлөөгөө олоход нь саад болсон төмөр сараалжыг давах гэж тавгаа элэгдтэл гүйсний дүнд гарсан тэрхүү шаргал тойрог зам чонын амьдрахуйн хамгийн том хүрээ хэмжээ болж үлджээ. Нүх малтлаа ч сараалжин ирмэгийг газарт гүн шааж суулгасан хатуу бэхлэлт төмөрт чонын савар басамжлагдсан нь илт. Чоно гаслан гүйсээр хиймэл үүрнийхээ амсарт хүрээд Галсан өөд харан оцойн сууж өндөр дуугаар ау ау гэж хэдэнтээ улив. Зовлон, уйтгар, хүсэл гурамсалсан энэ улилт Галсангийн зүрх сэтгэлийг тас зүсэн цуурайтав. Ойр хавийн хүмүүс эвэртэй туулай үзсэн шиг, сүрдэх, айх, зэвүүцэх хослон харцгаана. Тэдгээр түг түмэн гайхаж цочсон харцнаас хүн, чоно 2-ын ойлголцол хийгээд сэтгэл мэдрэхүйн хувьд хүмүүс хоорондоо маш их зөрүүтэй байдгийг гүн таних шиг. Хүн чоно хоёр нэг нэгнээ зэрэг харвал хийморь сэргэнэ гэж өвгөдийн хэлэлцдэгийг Төмөрөө санаж чонын нүдийг эгцлэн ширтвэл чонын нүднээс нулимс гялганан урсах нь харагдав. Галсан гал нь буусан нүдээрээ ахин дахин лавласанаа тэр нулимсыг олж үзсэн бололтой:
-Чоно гэдэг тэнгэртэй хүйгээ холбож газарт мөрөө тамгалдаг амьтан шүү дээ гэж ханцуйгаараа нүдээ арчихын завсарт өгүүлэв. Галсан тэндээс зайлан нилээн явсанаа хөдөлгөөнгүй оцойн суугаа тэр дэлт чоныг дахин нэг харсанаа "... өвөө нь их эндэл хийсэн хүн. Тэр алдашдаа би.... за за хүү синь нутгийхаа овоог сүсэглэн биширч явдаг юм шүү гэж сэтгэлийн гүнээс аяархан өгүүлээд үүдний зүг эрс алхлаа........ 1 2 3 4 5 6 7
|