...Алсад жирвэлзэх зэрэглээнд юмны дүрс сүүмийн харагдсан эеэргүү салхитай хаврын нэг өдөр гурван морьтон Дүнгэнэхийн Хайрханыг зорилоо. Жороо саарал морины нуруун дээр ташаа хажуулдан буу үүрч яваа нь Галсан. Хээр морины жолоог татасхийн морины сайврыг даган ёнхолзон хөдлөх мариалаг эр бол сумын дарга Балдан. 3 дахь нь оодон сүүлтэй жижиг хул морь унан мориныхоо аяар өвс хазлуулан явах тул нөгөө 2-соо нилээн хаягджээ. Тэгээд өмнөх хоёроо гүйцэх гэж морио давирвал хул морь сүүлээ ширвэн шогшуулахад нөгөөх эр бүүргээ тас зууран өвсөн хүн шиг өндөлзөх нь ёоз муутай. Хашин морь алба гүйцээх мэт хэд шогшсоноо дахиад л амгай булаан өвс хазлан зогсч зам хороохгүй байлаа. Газрын хуян нухах мэт мориндоо захирагдан яваа эр бол чонын арьс олж бэлтрэг ч нэжгээдийг суйлах хэмээн Бээжингээс ирсэн Жан Мин аж. Тэр 3 Дүнгэнэхийн Хайрханы хэдэн гууг самнаж эрсээр жин үдийн алдад уулын оройд гарав. Дүнгэхэнийн хайрханы орой бол даага уралдавч гүйцэхээр сайхан тэгш талтай. Дунд нь Чонотын овоо бий. Уулын оройн цас хайлаагүй байлаа. Жан овогт монгол хэлээр хазгай муруй яриа үүсгэн нөгөө хоёртоо тамхи түгээснээ асаагуур гаргаж хүрэмнийхээ энгэрээр нөмөрлөн Галсангийн тамхийг ноцоов. Дараа нь Балдангийн зүг гараа сунгахад Балдан бас хариу ноцоохыг завдтал Жан овогт Балдангийн галыг пүл хийтэл унтрааснаа тамхиа өөрөө ноцоогоод ханамжтай инээмсэглэв. Ядаргаагаа түр тайлсан гурав мордож Чонотын овооны зүүн талаар тойрч явтал Галсан зүүн хойш хяр даган уруудан буусан чонын мөртэй таарав.
Тэгээд эргэн тойрноо дурандаж байтал Галсангийн сууж байх хяраас баруунш байх хярын дунд хэсгийн гүтцэг дээр нэгэн хөх юм байх нь хараанд орлоо. Лавлавал чоно гарцаагүй мөн. Нөгөө 2 нь заасан зүгт нь дурандсанаа том чоно байна гээд ихэд хөөрцгөөв. Тэгж байтал хүглийсэн хөх юм босоод хяр хөндийн наад руу шогшин бууж шугуйд орон алга болов. Алга болох нь дээ гэж бодож байтал удалгүй наадах хярын униар гарч ирээд түр зогссоноо яаралгүй хяр өгсөн шогшив. Тэд яаравчлан хяр өгсөж нэг хэсэг шугуйг нэвтлэн гараад дурандвал нөгөөх Чонотын овооны орой дээр өмнө тийш хандан шоншийн сууж байгаа нь харагдлаа.
1 2 3 4 5 6 7
|