Ноднин зуны амралтаар нутагтаа хариад Чонотын овооны домгийг нутгийн буурлуудаас сонсч явахдаа Галсан өвгөнийхөөр буусан юм. Тэгээд "Таныг Чонотын овооны домгийг сайн мэдэх хүн гэлцэх юм" гэж яриа өджээ. Галсан өвгөн түүнийг харсан ч үгүй ээтэн гутлынхаа хоншоор дээр гаансаа хүчтэй балбан цогыг нь унтраагаад дүнсгэр царайлан суув. Төмрөө буруу юм ярьчихавуу гэж хэлсэн үгээ шинжвэл ёс алдсан үг хэлээгүй шиг. Галсан өвгөн тамхиа хойно хойноос нь залгуулан нэрж нэг л хөгөөр сорсоор сууна. Монгол гэрт зүү унасан ч сонсдмоор нам жим. Тэгж байтал Галсан өвгөн Төмрөөгийн хумсаа оролдон арга алдарч суугааг ажаад "Чингисийн нэг жанжин нь дайнд ялж дархан цолоо мандуулан буцаж яваад энэ Дүнгэнэхийн хайрханд ирээд өөд болжээ. Тэгээд дагуул нь уудам нутгаа аугаа сүнс нь харуулдан хамгаалж амар заяагаа үзэг хэмээн чандрыг нь Дүнгэнэхийн хайрханы оройд онголоод олон жанжин цэргүүд нь өөр өөрийн чадлын хирээр чулуу зөөж чандрын дээр том овоо босгон тавьсан гэж намайг бага байхад нутгийн буурлууд ярьдагсан. Тэгэхээр энэ Чонотын овоог тэр үед л босгосон байж таарна. Түүнээс хойш овоонд гарсан хүн бүр даах хирээрээ чулуу нэмэрлэсээр иржээ. Он жилүүд өнгөрч Чонотын овоо томорсоор байгаа нь энэ. Гэвч юунд чухам Чонотын овоо гэж нэрлэснийг би сайн мэдэхгүй. Гэтэл Чонотын овоо, тэр дэлт чоно хоёр ...." гэснээ яриагаа таслав.
-Манай нутгийн хайрханаар одоо чоно бий юу гэж Төмрөөг үгний сэжим эргүүлэхэд Галсан өвгөний гаанс атгасан гар үл мэдэг чичирхийлснээ:
-ай хүү... чонын мөр нутгийн хөрснөөс бараг арчигдсан. Өвөө нь тэр амьтны барааг харалгүй хичнээн жил боллоо гэв.
-Бээжингийн амьтны хүрээлэнд олон чоно байдаг. Монголын өндөрлөгийн чоно гэж хамгийн биерхүү, сээр хүзүүндээ шингэвтэр дэлтэй амьтан бий гэж Төмрөөг сонирхуулахад Галсан өвгөн цочмог харсанаа:
-аа юу гэнээ хүү, тэр чинь дэлт чоно мөн үү, Бээжинд үү, лам гончигсүм гэж алгаа нийлүүлэн залбирсанаа ямар нэгэн юм шийдэх шиг шуурхай гэгч нь босч алхав. Төмрөө ч ухааны нь ололгүй араас нь босч гарвал өвгөн хар хурдаараа майжигнан явсаар шонд уяатай мориндоо хүрч мордоод төдөлгүй тэртээ дов даван бараа тасрав.
1 2 3 4 5 6 7
|